Байгалийн түүхийн музейг бүхэлд нь буулгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг бүхэлд нь буулгахаар болжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглах боломжгүй гэ­сэн дүгнэлт гаргасан. Энэ хү­рээнд музейн үйл ажиллагааг өнгөрсөн зургадугаар сараас бү­рэн зогсоогоод байна. Уг музейн барилга нь нийт 40 орчим танхимтай бөгөөд үндсэн 7800, туслах үндсэн 3000 гэсэн нийт 10 мянга 800 орчим үзмэртэй аж. Одоогийн байдлаар үзмэрүүдийг зориулалтын фонд руу  нүүлгэн, шилжүүлэх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусах юм. Музейн барилга нь А, Б гэсэн хоёр корпустай бөгөөд мэргэжлийн хяналтын газраас А корпусыг ашиглалтаас гаргах шийдвэр гаргасан байна. Шинэ музейн барилгыг А корпусын суу­рин дээр барина гэж төлөвлөсөн боловч барилга буулгах явцад Б корпус нурах магадлалтай гэж ба­рилгын инженерүүд үзсэн уч­раас А, Б корпусыг хамтад нь буулгахаар болсон байна. Түүхийн музейн барилга нь 9.5 мянган метр квадрат хэмжээтэй бол шинээр барих музейн барилга нь долоон давхар 18.5 мянган метр байхаар төлөвлөөд байгаа. Музейн хэтийн төлөвлөгөөнд бүтэц, зохион бай­гуулалтад нэлээд өөрч­лөлт оруу­лахаар болсон ажээ. Тод­руулбал, шинээр барих му­зей нь дэлхийн жишигт нийцсэн байх бөгөөд үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд болон өргөжих юм байна.

Н.Зоригтбаатар: ҮЗМЭРҮҮДИЙГ ЗОРИУЛАЛТЫН НӨХЦӨЛД ХАДГАЛЖ БАЙГАА

Музейн үзмэрийн хадгалалт болон шинэ музейн барилгын талаар Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатараас тодруулсан юм.

-Байгалийн түүхийн музейн ба­рилгыг буулгаж шинээр ба­рилга барихаар шийдвэрлэсэн. Энэ хоо­ронд үзмэрүүдийг хэрхэн хадгалж хамгаалах вэ?

-Бид үзмэрүүдйиг аюулгүй байл­гах талаар их анхаарч байгаа. Хаал­га, цонх бүр нь хамгаалалтын до­хиололтой. Хадгалах нөхцлийн хувьд манай музейн барилгын хойд хэсэгт байрладаг зориулалтын фондийн байранд хадгалж болно. Үзмэрүүдийг байгалийн гэрэлгүй, сэрүүн нөхцөлд зориулалтын төмөр, модон хайрцаг болон сейфэнд хад­галж байна. Харин манайд ту­хайн байрыг чийгшүүлж байдаг зориулалтын аппарат байдаггүй. Гэхдээ тусгай саванд хийсэн учир ойрын жилүүдэд муудах ямар ч үндэслэлгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хурдан ший­дэж чадвал хоёр жилийн дотор барих боломжтой гэж үзэж байгаа.

-Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барих хөрөнгө мөнгийг 2014 оны төсөвт суул­гаагүй. Тэ­гэхээр энэ асуудал яаж шийдэгдэх юм бол?

-Би захиралын хувьд үүнээс л айж байна. Сая дутуу баригдсан 144 барилга байгаа гэж байна. Ийм болчихгүйн тулд зураг төслийг нь хийх компанитайгаа маш ойрхон ажиллаж зорилгоо сайн ойлгуулах хэрэгтэй. АНУ, Английн гэхээ болъё Ази тивийн хөгжилтэй ор­нуудын жишигт нийцсэн барилга барьж өгөөч гэж хүснэ. Тийм учраас бид хэмжээ дамжаа бүх юмаа нарийн гаргах гэж хичээж байгаа.

-Шинээр барих музейг дэл­хийн жишигт нийцүүлэн байгаль, шинжлэх ухааны музей болгох асуудал яригдаж эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Бид музейн конвенцийг олон жил бодож байна. Ер нь бол хуучин барилгыг буулгаж шинэ музейтэй болно гэж 2010 оноос ярьж эхэл­сэн. Тийм учраас нэгэнт шинэ ба­рилгатай болчихвол хуучин шигээ байж таарахгүй. Бид орчин үеийн ялангуяа Азийнхаа ижил төстэй музейнүүдтэй хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Ер нь дэлхийн жишиг тийм шүү дээ. Монголд ирсэн хүн Байгалийн түүхийн музейг заавал үздэг, үзэхгүйгээр яахын аргагүй тийм сайхан музейтэй болчихъё гэж бодож байна. Үүний гол асуудал нь барилгын асуудал байсан. Харин энэ асуудал засаг төрийн дэмжлэгтэйгээр шийдэгдчих байх. Гэхдээ барилга баригдлаа гээд музей болчихгүй. Үүнийг ши­нээр тохижуулна. Бид одоо зургаан үндсэн чиглэлээ нэмж баяжуулан есөн чиглэл болгохоор бодлого боловсруулж байна. Энэ талаар гадаад дотоодын эрдэмтэдтэй са­нал солилцон түүнийгээ баталж конвенци болгосон. Азийн өндөр хөгжилтэй орнуудад дан ганц байгаль гэлтгүй шинжлэх ухаан, техник технологио нэмээд музей байгуулдаг болсон. Манай орны хувьд харьцангуй онгон дагшин байгальтай, шинжлэх ухаан, техник технологи нь төдийлөн хөгжөөгүй учир байгаль голлосон музей байхаар төсөөлж байна.

-Танай музей хэчнээн ажил­тантай вэ. Шинэ барилга ба­риг­даж дуустал тэдгээр ажилчин яах вэ?

-Манай музей 42 ажилчинтай. Энэ оны төсөв мөнгө урьдын адил суусан. Тэгэхээр ажилчдынхаа ца­линг хэвийн өгнө. Үзмэр ма­нагч гэх мэт ажилчдаа бусад музей рүү тараагаад ажиллуулах болно. Харин эрдэм, шинжилгээний ажилтнуудын ажил өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдэнэ. Яагаад гэхээр барилгын ажил явагдах хугацаанд бид хээрийн хайгуул, шинжилгээ, судалгааны ажлуудаа хийж эвдэрч муудсан үзмэрүүдээ шинэчлэх болно.

Тэрбээр ийн ярив. Ирэх оны төсөвт Байгалийн түүхийн музейн буулгах болон шинэчлэн барих хөрөнгийг суулгаагүй байна. Тиймээс 2015 оны төсөвт уг барилгын хөрөнгө мөнгийг суулгахаар энэ онд зураг төслийн тендерийг зарлаад байгаа юм байна.

П.Алтан-Од: БАЙГАЛИЙН МУЗЕЙН ЗУРАГ, ТӨСВИЙН АЖИЛД НИЙТ 395 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Энэ талаар ССАЖЯ-ны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Алтан-Одоос зарим зүйлийг тодрууллаа.

-Барилгын түүхийн музейн зураг төслийн тендер зарласан гэж байсан. Ямар компани шал­гарсан бэ. Зураг төсвийн ажилд хэчнээн төгрөг суулгасан бэ?

-Бид шинээр барих, зураг төслийн ажлын тендер буюу зөвлөх үйлчилгээний тендерийг 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр зарласан. Тэгээд сонгон шалгаруулах хуулийн хүрээнд энэхүү ажил дээр “Балданс” ХХК тодорсон.

-Зураг төсвийн ажилд нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Байгалийн түүхийн музейн зураг төслийн ажилд 395 сая төгрөг төсөвлөсөн.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ  

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж