Гишүүдэд утаа хамаагүй биш

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Гишүүдэд утаа хамаагүй биш

Улаанбаатар хотын гэр хорооллын яндангаас ялгарах утаа амьсгалах аргагүй болгож байгаа ч хууль тогтоогчдод энэ асуудал хамаагүй бололтой. Эл асуудлыг хэлэлцэх ёстой байсан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлов. Өнөөдөр зарлагдах нь уу, гэтэл сураг алга.

Уг нь утаа хамгийн эмзэг сэдэв болчихоод байхад гишүүд цаг алдаж, суух ёсгүй. Тэр тусмаа жил тутам 50-60 тэрбум төгрөгийг утааны эсрэг “цацах” ч үр дүн үзүүлэхгүй, хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх ёстой үйлдвэр нь баригдаагүй 17 тэрбум төгрөг “салхинд” хийсчихээд байхад УИХ-ын гишүүд яаж хуралдаандаа ирэхгүй, гүрийж чадаж байна аа. Сонгогдох болохоор “Улаанбаатар хотын утааг бууруулахад ядах юмгүй, орон сууцжуулаад асуудлыг шийднэ” гэж ярьдаг атлаа УИХ-ын гишүүн болсныхоо дараа мартчих. Ой санамжгүй юм уу, эсвэл утаагаар бизнес хийх сонирхол нь давамгайлаад байдаг юм уу, зарим нэр бүхий гишүүн “Утааны хоруу чанар буурсан” гэж ярьж суух юм. Уучлаарай байлгүй. Хоруу чанар нь буурсан юм бол яагаад жилээс жилд эмэгтэйчүүдийн дунд үр зулбалт өсч, хүүхдүүдийн дунд гуурсан хоолойн үрэвсэл буурахгүй байна вэ. Хүн амын дунд дээрх өвчлөл ихэссэн шалтгааныг эмч нар утаатай холбон тайлбарлах боллоо. Хэдхэн жилийн дараа нийслэлчүүд уушиггүй болох аюултайг ч анхааруулсаар. Ийм аюул нийслэлчүүдийг заналхийлж байхад хурган даргын үгээр үг хийгээд “Утааны хоруу чанар буурсан” гэж хэлээд сууж таарах уу.

Түүнийхээ оронд нэг өглөөдөө эртхэн босоод гэр хороололд ажиллаж үзээсэй гэж гишүүдээс хүсэх байна. УИХ-ын дарга аа, та ч бас гишүүдэд гэр хороололд ажиллах үүргийг өг. Ард түмний сонголтоор УИХ-ын гишүүн болсны үүргээ биелүүлж, иргэд ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг мэдрэх цаг болж… Алийн болгон айлын ороолгон хүүхдийг бөөцийлж байгаа юм шиг бөмбийлдөг юм. Ажлаа ч хийхгүй, хуралдаануудаа дандаа тасална.

Үнэндээ бол 2014 оны төсвийн хуулийг баталснаас хойш гишүүд ажил хийхээ болилоо. Дуртай, дургүй ч даваа гариг бүрт бүлгийн хуралдаанууд хүчээр шахам хуралдаж байгааг эс тооцвол байнгын хороодын хуралдаан тогтмол хойшилсоор.

Мягмар, лхагва гаригт товлогддог байнгын хороодын хуралдаан хойшлогдчихоор пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдлаа ч хэлэлцэх асуудал нь бэлтгэгдээгүйгээс Ерөнхий сайдын мэдээллээр аргалж, чуулганы хуралдааныг домоглож байна. Ингэж таарах уу, өнөөдөр гэхэд л Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр зургаан гишүүнтэйгээр хүчээр шахам хуралдсан ч Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хойшлуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гаргасан учраас хэлэлцүүлэг мөн долоо хоногоор хойшлоод байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай, гэвч хэлэлцэх асуудал нь ердөө Хилийн боомтын тухай хуулийн төсөл л болох нь. Тодруулбал, баасан гаригт үдээс өмнөдөө Засгийн газрын цагаар чуулганы хуралдаан эхлээд үдээс хойшдоо хийх ажилгүй болно. Тиймээс энэ өдөр гишүүдийг гэр хороололд ажиллуулахад яагаад болохгүй гэж…

Хөдөө тойргоос сонгогдсон гишүүд нь Улаанбаатар хотын утаа хамаагүй гэж үзвэл нийслэлээс сонгогдсоныг нь намын нэрээр сонгогдсонтой нь хамт утааны гамшгийг мэдрүүлье. Биеэрээ мэдрэхгүй болохоор тэнгэрийн юм ярьцгаагаад “Утааны хоруу чанар нь буурсан” гэж тэнэгтээд, бас хуралдаа суухгүй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж