ХАА-н биржийн зах зээлд ажиллах боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийг шинжлэх зорилгоор ХААИС-ийн лабораторийг шинэчилжээ. Ингэхдээ Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба ХААИС-тай хамтран төсөл бичиж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэн, тус сургуулийн лабораторийн шинэчлэлд зориулж БШУ-ны сайдын тушаалаар 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн байна. Үүгээр ХААИС-ийн БНМС-ийн ноос, ноолуурын лабораторийг шинэчлэн засварлаж, сүүлийн үеийн багаж, төхөөрөмжөөр тохижуулжээ. Энэ нь ноос ноолуурын урт хэмжигч микроскоп, микрон хэмжигч, бөх батыг тодорхойлогч, аналитик жин, лабораторийн ширээ сандал зэрэг хэрэгсэл, төхөөрөмж юм байна.
Түүнчлэн ХААИС-д оруулсан хөрөнгө оруулалтын 30 сая төгрөгөөр махны шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулжээ. Ингэснээр цаашид ХАА-н биржид ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, биржээр арилжих бараа, түүхий эдийг шинжлэх, хяналт тавих боломжтой болж буй.
Ийнхүү ноос ноолуур, арьс ширний техникийн шинж чанарууд, гистологи бүтцийг тодорхойлох судалгааны ажил хийх, махны физик, хими шинж чанар, хүчиллэг, шүтлэгийн орчин, нядалгааны дараах өөрчлөлтийг нарийвчлан судлах, судалгааны арга зүй эзэмших боломж бүрдэж буйг албаныхан онцоллоо.
У.БОЛОР