1.6 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг няцаав

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

1.6 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг няцаав

“Алтан дорнод Монгол” компанийн Монголын Засгийн газрын эсрэг үүсгэсэн олон улсын шүүхийн маргаанд Арбитрийн шүүх шийдвэрээ гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн алга ташин хүлээж авах баярт мэдээ байлаа. ОХУ-ын иргэн С.В.Паушокийн компаниуд гэнэтийн ашгийн татвар болон бусад татварыг төлөхөөс зайлсхийн олон улсын шүүхийн хэмжээнд маргааныг дэгдээсэн нь хэдэн жилийн турш үргэлжилсэн дуулиан болсон. Түүний 1.6 тэрбум ам.долларын нэхэмжлэлтэй 2007 оноос эхэлсэн эл маргааны шүүх хурал 2009 оны тавдугаар сард Германд болж байсан бол эцсийн шийдвэр энэ сарын 29-ний 03.00 цагт /Улаанбаатарын цагаар/ гарсныг олон нийтэд зарласан юм.

Хэвлэлийн хүрээлэнд өнгөрөгч баасан гаригт болсон хэвлэлийн бага хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан,  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл болон өмгөөлөгч нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Сайд  Ц.Нямдорж Монгол Улс бие даан асуудлыг шийдвэрлэх чадвартай гэдгийг харуулсан шийдвэр боллоо хэмээн цохон тэмдэглэж байлаа. Мөн Арбитрийн шийдвэр нь Монгол Улс гадаад хөрөнгө оруулагчид хамаарах үүргээ биелүүлдэг гэснийг баталгаажуулсан хэрэг болсон гэв.

ОХУ-ын хөрөнгө оруулагч С.В.Паушок Монгол Улс олон улсын гэрээ эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн хэмээж олон зүйл дээр төлбөр шаардсан юм. Тухайлбал, гадаад ажилчдын төлбөр болон тэдгээрийн тоонд квот тогтоосны эсрэг төлбөрийн асуудал үүсгэсэн юм. Үүнд Арбитрын шүүх “Монгол Улсын таван их дээд сургууль уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж, жил бүр уул уурхайн бакалавр болон магистр зэрэгтэй хэдэн зуун мэргэжилтэн гарч байгаа гэсэн хөдлөшгүй эд мөрийн баримттай бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчид өөрийн иргэдийг ажлын байртай болгох бодлого бүхий эрх зүйн зохицуулалтыг хийжээ” гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл бүр дээр Монгол Улсын хууль тогтоомж нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн, Монголын шүүх эрх мэдлийн байгууллагууд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэж дурдсаныг бүгдийг нь Арбитрын шийдвэрээр няцаасан байна. Мөн арбитрчид “Алтан дорнод Монгол” компани Монгол Улсад төлөх ёстой татварын их хэмжээний өрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх чиг үүрэг өгсөн байна.

Арбитрчид Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд хамаарах нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд энэ хууль нь олон улсын эрх зүйд бүрэн нийцсэн гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн энэ хэсэгт “Сүүлийн жилүүдэд татвар нэмэгдсэнд гайхах зүйл байхгүй. Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш” гэж үзжээ.

Сайд Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш гурав дахь том маргаанд ахин амжилттай давлаа” хэмээн онцлоод арбитрийн шүүхийн шийдвэр нь 68 хувийн татвартай холбоотой маргаанд Монгол Улс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, ер нь ямар ч маргаанд Монгол Улс өөрийн хууль эрх зүйн орчинд шийдвэрлэх боломжтойг харуулсны дээр гадны компаниуд, хөрөнгө оруулагч нар манай улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой шүү гэдгийг сануулсан дохио боллоо хэмээн онцолсон. Цаашид Арбитрийн шүүхийн 169 хуудастай шийдвэр и-мэйлээр ирснийг орчуулан олон нийтийн хүртээл болгоно гэж сайд амласан.

Олон улсын энэхүү маргаанд Монголын талаас чамгүй хөрөнгө зарцуулсан байна. Тухайлбал, АНУ-ын хуулийн компанийн ахлах хоёр өмгөөлөгчийг хөлсөлсөн нийт зардал зургаан тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн маргаан шийдвэрлэх явцад чамгүй дарамт шахалт ирж байсныг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэлж байв. С.В.Паушок “Танай Засгийн газар маргаанд ялагдана, ялагдах нь тодорхой, тиймээс хэлэлцээрийн ширээний ард сууя” гэх мэт утгатай үгсийг Монголд байгаа Элчин сайд болон ОХУ-д суугаа Монголын Элчин сайд нараар дайлгаж байсан гэнэ. Мөн БХЗГ-ын дарга Т.Алтангэрэл “Олон улсын шүүхэд заргаа авах нь амаргүй байсан. Ялангуяа 68 хувийн татварын асуудал өөрөө их эргэлзээтэй хууль байсан. Гэсэн ч бид шаардлагатай бичиг баримтыг гаргаж, гэрчүүдийг оролцуулснаар маргааныг өөрийн талдаа шийдүүлж чадлаа” гэсэн юм.

Б.Бямбаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж