
УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихож. Сүүлийн үед байнгын хороод болон чуулганы хуралдаан ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлуудаа хойшлуулсаар байна. Сүүлдээ энэ асуудал даамжирч, УИХ-ын гишүүдийг хооронд нь муудалдуулахад хүргэв. Тухайлбал, өнөөдөр хуралдах байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан ирц хүрэхгүйгээс үүдэж МАН-ын гишүүн Ж.Батсуурь, А.Тлейхан нар байнгын хорооны даргаас ирцээ бүрдүүлж хуралдахыг шаардсан. Гэвч байнгын хорооны дарга нь “Долоон гишүүн гадаадад явж байгаа, үлдсэн гишүүд нь ирэхгүй байгааг би яах юм. Тэгвэл байнгын хорооны хуралдааныг хийхээ больчихгүй юу" гэж хэлснээр гишүүдийн дунд маргаан үүсгэв. УИХ-ын гишүүн А.Тлейхан "Байнгын хорооны дарга хурлын ирцийг бүрдүүлж, хуралдуулах ёстой. Гэвч хурлаа хийхээ больчихгүй юу гээд уурлаад сууж байж болохгүй. АН-ын гишүүдээс ганцхан мэдээлэл хийх сайд нь байна. Үлдсэн гишүүдээ цуглуулж, байнгын хорооны ирц бүрдүүлэх нь байнгын хорооны даргын үүрэг. МАН-ын гишүүд хуралд ирснээрээ өөрт чинь загнуулаад сууж байх албагүй" гэх мэтээр хэрүүлийн үг бие бие рүүгээ чулуудаж, байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд байнгын хороо болон УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүлж хуралдаж байхгүй бол энэ мэт гишүүдийн хооронд маргаан үргэлжлэх бололтой. Засгийн газрын сайд нар нь жилийн эцсийн тайлангаа гаргах гээд яамд дээрээ сууж, УИХ-ын гишүүд нь гадаадад томилолттой байгаа учраас ийнхүү ирц бүрдэхгүйд хүрч байна. Ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хамгийн олон хурал хойшлуулсан парламент болох гээгүй л юм бол даруйхан шиг арга хэмжээ авмаар юм, З.Энхболд дарга аа. Ард түмний итгэл хүлээж, сонгогдсон гишүүд тань УИХ-ын чуулганд суух үндсэн үүргээ умартсаар байна шүү.
Ш.ЧИМЭГ