-Сүүлийн үед дэлхийд танигдсан Монгол брэнд гаргах асуудлыг их ярих болсон. Ингэх шаардлага ч бий. Ер нь Монгол брэнд бий болгох тухай яриа хэзээнээс эхлэлтэй вэ?
-Монгол Улс өөрийн өрсөлдөх чадвартаа тулгуурлан олон улсын зах зээлд юугаараа ялгарах, гадаадын ямар зах зээлд ямар бараа үйлчилгээ, ямар стратегиар гарах талаарх маркетингийн нэгдсэн судалгаа шинжилгээг саяхныг хүртэл нарийн хийж тооцоолоогүй явж иржээ. Энэ чиглэлд нэгдсэн бодлого дутмаг байсан. Ингэж явсаар энэ оныг хүрсэн байдаг. Үйлдвэрлэгчид дор бүрнээ л өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, улмаар дэлхийн хэмжээний брэнд болгох чин хүсэл эрмэлзлэлтэй явсаар энэ онтой золгосон. Энэ асуудалд яалт ч үгүй төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж дутагдаж байсан юм. Харин шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй бодлогын хүрээнд энэ оны хоёрдугаар сард Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Гадаад харилцааны яам, Монголын маркетингийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд хамтран ”Монгол брэнд-Дэлхийд форум-2013” хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ чиглэлд ихээхэн ахиц дэвшил авчрах гүүр болсон.
-Форумын үеэр яг ямар асуудлыг түлхүү хэлэлцсэн юм бэ?
-Энэ хэлэлцүүлэг “Олон улсын зах зээлд монгол брэндийг бий болгох бодлогын асуудал” сэдвээр өрнөсөн юм. Олон улсын зах зээлд Монгол Улсын нэгдсэн брэндийг бий болгох, нэгдсэн брэндээс дэд брэндүүдийг бий болгох үндэсний бодлогын өнөөгийн хэрэгцээ шаардлага, бодлогын хүрээ, хэрэгжүүлэлтийн стратеги, үйл ажиллагааны чиглэл зэргийг төр, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхний хүрээнд өргөнөөр хэлэлцүүлсэн. Эндээс брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдэж, тодорхой зохион байгуулалтад орох ёстой юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Ингэснээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар төрөлд нь илүү сайн анхаарч, нэгдсэн бодлогоор далайцтай хөдөлж, дэлхийн түвшинд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой юм байна гэдгийг олж харж холбоогоо байгуулах шийдэлд хүрсэн.
-Холбоогоо хэзээ байгуулсан юм бэ. Бас холбооныхоо гол зорилгыг товчоор хэлж болох уу?
-Бид “Монголын брэндийг дэлхийд” гэсэн уриатай. Мөн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон нийт, дэлхий дахинд таниулан сурталчилж, улмаар дэлхийн зах зээлд нэвтрүүлэх тод бөгөөд тодорхой зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж, “Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” хэмээх албан ёсны хуулийн этгээдийн статустай байгууллага болж өргөжлөө. Холбоо маань энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Одоо бодлого төлөвлөлтийн ажил дээрээ төвлөрч ажиллаж байна.
-Аливаа бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний брэнд болгоно гэдэг тийм ч амар ажил биш байх. Үүний тулд хамгийн эхэнд хэрэглэгчдэд тулгуурласан судалгаа, тооцооны ажил хийх ёстой мэт санагддаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Та үнэн хэллээ. Ерөөсөө ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг хүмүүс хүлээн зөвшөөрөхийн тулд маш өндөр шалгуур тавьдаг. Тухайлбал, өнгө дизайн, чанар гээд олон хүчин зүйлс маш сайн байхыг шаарддаг. Дээрээс нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн орчны бодитой судалгаанд үндэслэсэн дэвшилтэт технологийн шинэ үйлчилгээний хэлбэр, уян хатан үнийн стратеги, үр нөлөө бүхий мэдээлэл сурталчилгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх ёстой болдог. Ингэж чадаж гэмээнэ сая тухайн бүтээгдэхүүн олны таашаалд нийцсэн брэнд болох боломжтой юм. Манай холбооны зүгээс гишүүнчлэл бүхий байгууллагаа дээдэлсэн имиж дүр төрхийг бүрдүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр ханган үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг сурталчлан таниулах ажлыг хариуцан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тиймээс бид зорилгодоо хүрэхийн тулд Монгол брэндийг чанаржуулж дэлхийн зах зээлд гаргах таниулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэлэг брэндийг зорилтот зах зээлд амжилттай нэвтрүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжсэн олон талт уян хатан үйлчилгээ үзүүлэх, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлчилгээг төлөвшүүлж хөгжүүлэх, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах тэдгээрийн эрх ашгийг дээдлэх зэрэг арга замуудыг төлөвлөн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэх, гишүүнчлэлээр элсүүлэх ажил ид өрнөж байна.
-Үйлдвэрлэгчдийг нэгтгэх ажил ид өрнөж байна гэлээ. Танай холбооны гишүүн болсноор үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудад ямар давуу тал бий болох вэ?
-Юуны өмнө дээр дурьдагдсан боломжууд гишүүн байгууллагуудад маань нээлттэй болно. Үүнээс гадна бүтээгдэхүүний талаарх нарийвчилсан судлагаа, маркетингийн тал дээр холбооны зүгээс сургалт зөвлөгөө өгөх замаар дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгчдийн ноу хау-аас суралцах, туршлага солилцох дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн экспертүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, брэнд бүтээх чиглэлээр хамтын ажиллагааны өргөн суваг нээгдэнэ гэж ойлгож болно. Мөн бидний зүгээс бүтээгдэхүүний онлайн худалдаа хийх, олон нийтэд тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл сурталчилгаа таниулга хийх, олон улсын үзэсгэлэн яармаг худалдаанд манай улсын байгууллагаас оролцуулахад зуучлилж, холбох гээд олон ажил хийхээр төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн манай холбоонд элссэнээр өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг брэнд болгох боломжтой юм. Үйлдвэрлэгчдэдээ Монгол брэндийг дэлхий даяар түгээцгээх үйлсийг хамтдаа хэрэгжүүлье гэж хэлэх байна. Манай холбооны http://www.mongolianbrands.mn/ цахим хаягаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
-Монгол брэнд бий болгох нь зөвхөн үйлдвэрлэгчдэд хамаатай асуудал биш. Та бүхний үйл хэргийг төр засгийн байгууллагуудаас дэмжиж байгаа юу?
-Монгол брэнд дэлхийд танигдана гэдэг асуудал нь дан ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага, эсвэл манай холбооны хариуцах ажил биш гэдэг нь мэдээж. Энэ бол Засгийн газар, салбар харьяа яамд болон үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд бид бүхний хамтын оролцоо зайлшгүй байх ёстой ажил гэж ойлгодог. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаад бид талархаж явдаг. Шинэчлэлийн Засгийн газраас үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Би хувьдаа 2014 он гараад оны эхээр үндэсний брэнд үйлдвэрлэгчид, төр засгийн байгууллагуудтай хамтарсан томоохон хэмжээний үндэсний зөвлөлгөөн чуулганыг хийх нь зүйтэй байх гэж бодож байгаа. Тэр үеэр асуудлаа хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлоод цаашаа хамтдаа нэг зорилгын төлөө эрч хүчтэйгээр явах нь зүйтэй гэж бодож байна. Эдийн засгийн хөгжлийн яам болон ҮХААЯ-нд үндэсний чуулганыг хамтран зохион байгуулах саналаа удахгүй тавина гэж төлөвлөж байна. Брэнд ярихаар үйлдвэрлэлийн салбартай зайлшгүй холбогдоно. Брэндийг бүтээгчид нь өөрөө үйлдвэрлэгчид учраас тэр. Үйлдвэрлэл явагдаж, чанартай брэндийг бүтээж, улмаар түүнийг нь дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрч эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс эх орны эдийн засагт ч чухал нөлөө үзүүлнэ.
-Таны бодлоор яг одоо энэ бол дэлхийн зах зээл дээр гаргаж буй Монгол брэнд гээд гаргаад тавьчихаар бүтээгдэхүүн манай улсад байгаа юу?
-Манайд дэлхийн зах зээл дээр гаргаж буй үндэсний брэнд гээд ярихаар яг үнэнийг хэлэхэд ноос ноолууран бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн одоогоор алга. Үүнийгээ төрөлжүүлж улам боловсронгуй болгож чанаржуулаад үндэсний гэсэн агуулгыг багтааж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож гаргах боломж бидэнд байна. Бүр маш их боломж байгаа. Хамгийн гол нь бидэнд нэгдмэл байдал, төрийн оролцоо дэмжлэг л илүү их хэрэгтэй байгаа юм.
-Та бүхний хамгийн ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй томоохон ажил юу байна вэ?
-Манай холбоо 2013 оны үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах нэрлэх олон нийтийн санал асуулгыг www.mongolianbrands.mn сайтаараа дамжуулан санал авах хэлбэрээр зохион байгуулна. Энэ нь эргээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих урамшуулах суртачлах, нэгтгэх зорилготой юм.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин