Алслагдсан дүүргүүдээ алагчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Алслагдсан дүүргүүдээ алагчилсан уу?

Шахуулж, шаардсаны хүчинд нийслэлийн удирдлага ирэх оны төсвийг олон нийтэд ил дэлгэлээ. Анх удаа иргэдийн оролцоотой төсөв баталлаа гэсэн манж үгийг араас нь дайсан байна лээ, манай хотын дарга нар.

152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авсны үндсэн дээр төсвөө баталсан аж. Гэхдээ манайд лав санал ирээгүй. Манай ажлынханд бас ирээгүй байна лээ.

Төсвийн задаргаанаас харахад нийслэл 2014 онд 556,9 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөжээ. Нийслэлийн орлогын дийлэнхийг буюу 65,9 хувийг Хувь хүний орлогын албан татвараар бүрдүүлэх юм байна. Айсуй морин жилд ерөнхийдөө хотын төвийн дүүргүүдэд багагүй бүтээн байгуулалт өрнөх бололтой. Хотынхоо төлөө нойр хоолоо умартан ажиллаж байгаа дарга нар маань ирэх жил тэвчиж болох бүх зардлаа танасан гэнэ. Гэхдээ гадаад, дотоод томилолтынх  зардал буруугүй байна лээ. Юугаа тэвчихээр болсон юм, бүү мэд дээ.

Монголын толгой баячууд Хан-Уул дүүрэгт амьдардаг. Тэдний амьдардаг дүүрэгт ирэх жил 181,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Нийслэлийн захиргаа Сүхбаатар дүүрэгт байрладаг. Тус дүүрэгт ирэх жил хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Тодруулбал, 219,1 тэрбумыг Сүхбаатар дүүрэгт зарцуулахаар НИТХ-аас батлав. Хотын дарга нарын амьдардаг, ажилладаг дүүргүүд гоё байх ёстой. Тиймээс хамгийн давуу эрхийг дээрх дүүргүүдэд олгосон хэрэг. Тэгээд ч орон нутгийн сонгуулиар дээрх хоёр дүүрэгт Ардчилсан нам илт давуугаар ялалт байгуулсан. Түүнийх нь шагнал ч байж болох.

Иргэн Балдан Баянхошуунд амьдардаг. Автобусны буудал нь гэрээс нь хол. Цэцэрлэг олдоогүйгээс хоёр хүүхдээ эмээгээр нь харуулдаг. Гэтэл түүний амьдардаг СХД-т ирэх жил 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Улаанбаатарын төвийн зургаан дүүргээс хүн амынхаа тоогоор нэгдүгээрт ордог. Хүн амынх нь тоо 270 мянга гаруй. Айл өрхийнх нь тоо 66 мянга орчим.  Тус дүүрэг эмзэг бүлгийнхэн ихтэй. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд тус дүүрэгт төвхнөдөг. Иргэдийнх нь ихэнх нь гэр хороололд амьдардаг  Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу. Нэг ангид гэхэд 40-50 хүүхэд хүмүүжих жишээний.

Орон нутгийн сонгуулиар СХД-т МАН ялалт байгуулсан. Түүнийх нь шийтгэл болгож сонгинохайрханчуудад ийм бага төсөв батлав уу, эсвэл тэнд хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэв үү. Хүн амын тоо, хөрөнгө оруулалтын байдлыг нь харгалзсан бол хамгийн том төсвийг СХД-т оногдуулах ёстой байсан болов уу.

Дүүргүүдийн төсвийг сонирхуулбал Налайхад 778,5 сая, Багануурт нэг тэрбум, Багахангайд 139.4 сая, Баянголд 12.9 тэрбум, Чингэлтэйд 181,7 тэрбум, Баянзүрх дүүрэгт 175.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Багануур, Багахангайд МАН олонх болсон. МАН-ыг сонгосны хариу болгож багахангайчуудад ердөө 139 сая төгрөгийг л төсөвлөжээ. “Манай намыг сонгоогүй нь хохь нь” гэж байгаа юм шиг иргэдээ ялгаварласан, алслагдсан дүүргүүдээ алагчилсан төсвийг сонгодог утгаар нь НИТХ баталлаа.  Манай монголчуудын нэг тийм өс өвөрлөсөн муухай зан байнга цухалзаж байдаг. Тэр муухай зангаа хотын удирдлагууд хойтон жилийн төсөвт маш сайн суулгаж өгсөн байна лээ.

“Ингээд л миний нэр байдаггүй юм” гэгчээр ингээд л алслагдсан дүүргүүд хөгжил муутай хэвээр үлдэх бололтой. Харин хөрөнгө мөнгөөр хахсан Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уулд хүүхдийн талбай барьж, гэрэлтүүлэг тавьж, камержуулах ажил хийгдэх нь ээ.  Гэмт хэрэг зөрчил хотын захад голдуу гардаг, ядаж л хөгшид, хүүхэд орой үдэш нохой шувууны хоол болчих нь холгүй гэр хороололд гэрэлтүүлэг, камер юу юунаас илүү хэрэгтэй байна. Цэцэрлэг сургууль нь цөөдөөд байна.  Гэтэл  “МАН-ыг сонгосон та нарын хохь” гэж иргэдээ алагчилж болохгүй л баймаар. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл хүнийг нас хүйс, угсаа гарвал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй томоос томоор заагаад өгчихсөн шүү дээ.

Нийслэлийн ирэх оны төсвийг харахаар хуваарилалт нь үнэндээ шог байна.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж