
Технологийн салбарын акулуудын нэг Apple корпораци нийгмийн сүлжээний судалгааны чиглэлээр дагнасан Topsy Labs компанийг худалдан авахаар болжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Topsy Labs компани Twitter компанийн судалгааг дагнан хийж байсан юм. Чухам хэдэн саяар худалдаж авсан нь одоогоор тодорхой болоогүй ч Wall Street Journal-д мэдээлснээр 200 сая доллараар худалдан авсан байж болзошгүй байна. “Иймэрхүү компанийг худалдан авах нь компанид ямар өөрчлөлт үзүүлэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан тэд хэрэглэгчдээ судлах, технологийн эрэлт хэрэгцээг тогтоох зорилгоор энэ компанийг худалдан авсан байх. Ер нь одоо технологийн компаниуд жижиг компанийг залгих биш, хэрэглэгчдээ судалдаг, тэдэнд зориулсан технологийг цаг алдалгүй гаргадаг тал руугаа хэлбийж байх шиг байна” гэж Frost & Sullivan компанийн борлуулалт консалтинг хариуцсан захирал Манож Меноно ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт Apple корпораци Израйлийн 3D технологийн компани болох PrimeSense-ыг худалдаж аваад байсан юм.
Б.СҮХ