Өсөлтийн дараах үеийн уул уурхайн менежмент, сургамж

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Өсөлтийн дараах үеийн уул уурхайн менежмент, сургамж

Өндөр өсөлт ба өндөр өсөлтийн дараах үеийн
уул уурхайн менежмент, сургамж


2013 оны арваннэгдүгээр сарын 15

“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр “Энержи Ресурс” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Коксжих нүүрсний зах зээл 2005 он хүртэл харьцангуй тогтвортой байж, үнэ нь 50 орчим ам.долларт хэлбэлздэг байсан.

Харин 2005 оноос гол үйлдвэрлэгч орнуудад тохиосон байгалийн гамшгаас үүдэлтэйгээр нийлүүлэлтийн хомсдол үүсч, улмаар үнийг огцом өсгөсөн. Тухайлбал, 2008 онд Куэнсландад болсон үерийн улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсч, Австралийн нүүрсний үнэ нэг тонн нь 96 ам.доллараас 300 ам.доллар болж гурав дахин өссөн.

Нөгөө талаас 2009 оноос Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгдэж 2008 онд 6.8 сая тонныг импортолсон бол 2009 онд 34.5 сая тонн болж эрэлт нь огцом нэмэгдсэн байгаа. Энэ боломжийг ашиглан Австралийн нийлүүлэгчид Япон болон бусад худалдан авагчидтайгаа гэрээт үнээ жилээр тохирдог байсныг улирлаар тохирдог болгосон. Эдгээр хүчин зүйлүүд нь үнийг өмнөх 50 ам.доллартай нь харьцуулахад харьцангуй өндөр түвшинд “барьсаар” ирсэн. Мөн 2011 онд Куэнсландад дахин үер болсны улмаас үнэ мөн л нэмэгдэж түүхэн үнэдээ буюу 330 ам.долларт хүрсэн.

Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд коксжих нүүрсний зах зээл дээр бий болсон үнийн өсөлтүүд нь гол нийлүүлэгчдийг хамарсан байгалийн гамшиг үертэй холбоотой юм. Сүүлийн таван жилийн үнийн өсөлт нь нийлүүлэлтийг бас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн байгаа. Ашигтай зах зээлд шинэ олборлогч нар ч гарч  ирсэн. Улмаар 2011 оноос хойш үнэ тасралтгүй бууж ирсэн. Өнөөдөр үнэ 140-150 орчим ам.долларын хэмжээнд очиж, буцаад бодит байдал руугаа дөхөж байгаа дүр зураг харагдаж байна.

Манай компанийн хувьд ерөнхийдөө сүүлийн өсөлтийн мөчлөгийн үед үйл ажиллагаагаа эхлээд 2012 оны уналтын үед үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн байна. Зах зээлд үнэ өсч байх үед бидний хийж байсан үйл ажиллагаа, мөн бууж байсан үед хийж байсан үйл ажиллагааг товчхон танилцуулъя.

2009 онд бид анх экспортоо эхлүүлж байсан. Зах зээлийн нөхцөл таатай байсан учраас 2010 онд бид Хонконгийн хөрөнгийн биржид гарсан. Ирээдүйн өрсөлдөх чадвараа сайжруулах үүднээс баяжуулах үйлдвэр барих, тээврийн зардлаа бууруулахын тулд төмөр зам барих, мөн бусад шаардлагатай дэд бүтцүүдийг байгуулах үүднээс Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч, тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг босгосон байгаа. 2011 онд бид энэ босгосон хөрөнгөөрөө бодит үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийж тэдгээрийг богино хугацаанд амжилттай ашиглалтад оруулсан. Эхний таван сая тонны угаах үйлдвэрийг ашиглалтад оруулж, үүнтэй холбоотой дэд бүтэц болох цахилгаан станц, усан хангамжийн байгууламжийг ашиглалтад оруулсан. Төмөр зам барихаар төлөвлөж байсан ч бодлогын хувьд тодорхойгүй байсан. Тиймээс бид эхний ээлжинд авто зам барьж ашиглалтад оруулсан юм. Мөн үүнээс гадна Барууннарангийн уурхайд бид хөрөнгө оруулалт хийсэн.

2012 оноос эхлэн зах зээл дээр үнэ унаж эхэлсэн. Төлөвлөсөн ёсоор бид хоёр дахь угаах үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулсан. Угаах үйлдвэр барьснаар бид нөөцийн ашиглалтыг сайжруулах боломж нээгдсэн. Нүүрсний зарим давхаргыг хооронд нь холих байдлаар бүтээгдэхүүний өртгийг бууруулах бололцоо бий болсон. Нөгөөтэйгүүр тээвэрлэлтийн хэмжээг бас багасгасан. Угаах үйлдвэртэй болсноор завсрын худалдааны компаниудын ашгийн маржинг багасгаж, тэрхүү орон зайг өөртөө авах бололцоо нээгдэж байгаа.

2012 онд санхүүжилтийн хувьд 600 сая долларын бонд гаргаж хөрөнгө босгосон. 2013 онд ч мөн зах зээл унасаар байсан. Бидний хувьд үйл ажиллагааны хувьд ашгийн тухай ойлголт бараг байхгүй болсон. Аль болох зардлаа яаж бууруулах вэ? Хэрхэн зогсолт хийхгүйгээр бага алдагдалтай ажиллах талаар менежмент хэрэгжүүлж буй. Зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч биелүүлж ирсэн. Энэ ажлуудын үр дүнд тээврийн зардлаа манайх өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд 20 хувиар бууруулсан. Боловсруулах баяжуулах зардлаа энэ онд 38 хувиар бууруулсан. Мөн орон тоогоо 10 орчим хувиар цомхотгосон.

Угаах үйлдвэр эхнээсээ 15 сая тонны хүчин чадалтай барихаар төлөвлөгдсөн. Учир нь төмөр зам ашиглалтад ороод 2014 оноос тээвэрлэлтийн зардал эрс багасна гээд төлөвлөчихсөн байсан учраас угаах үйлдвэрийн хөрөнгө оруулалт үргэлжлэн хийгдээд 2013 онд сүүлийн таван сая тонны үйлдвэрийг нээснээр нийтдээ 15 сая тонны угаах үйлдвэр бий болсон. Ерөнхийдөө үйл ажиллагааны хувьд өсөлтийн үед зах зээлийн боломжийг ашиглаж хөрөнгө оруулалтууд, түүнтэй холбоотой шаардлагатай эх үүсвэрүүдийг татах ажлуудыг хийсэн. Бууралтын үед аль болохоор хэрхэн зардлыг багасгах вэ? яаж оршин тогтнох тухай менежментийг удирдлага болгож байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Нүүрс боловсруулах үйлдвэр, авто зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцүүд, мөн ажиллах амьдрах орчныг бүгдийг барьж байгуулсан. Үүнд нийт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ энэ үйл ажиллагаа хийгээд хөрөнгө оруулалтаас бид улсын төсөвт нийт 410 тэрбум төгрөгний татвар хураамж төлсөн байна. Хувьцаа эзэмшигчдийн хувьд ямар нэг ноогдол ашиг энэ хугацаанд хуваарилаагүй. Бүртгэл дээр 185 сая төгрөгний хуримтлагдсан ашиг бий болсон гэсэн бүртгэл тооцоо байгаа.

Илтгэлийн сэдэвт маань сургамж гэсэн үг байгаа. Бидний хувьд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлийн өсөлттэй уялдуулаад Засгийн газраас шинэ татвар хураамж нэмэх, шинэ хуулиуд гаргаж ирэх зэргээр хууль эрх зүйн орчин нэлээд тогтворгүй байсан. Саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль бол цаг үеэ олсон ихээхэн чухал явдал гэж бодож байна. Энэ хуулийн хэрэгжилтийг сайн хэрэгжүүлэхийг бид хүлээж байгаа.

Монголын нүүрсний экспортын байдлын талаар товч мэдээлье. Хятадын импорт 2009 оноос огцом нэмэгдсэн байгаа. Ингэж явсаар энэ жилийн хувьд дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон болж, Японыг гүйцэж түрүүлээд байна. Монголын хувьд Хятадын хэрэглээтэй уялдуулаад нийлүүлэлтээ нэмэгдүүлж ирсэн. 2010 онд огцом нэмэгдүүлж, 2011 онд 20 орчим сая тонн экспортолсон дүнтэй байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 9.5 сая орчим тонн болж буурсан байна.

Нөгөө талаас Австрали гол нийлүүлэгчийн байр сууриа Монголд алдсан байсан. Харин одоо зах зээлийн үнэ унаж байгаа үед манай өрсөлдөх чадвар сул байсан учраас Австралийн нийлүүлэлт огцом нэмэгдэж буцаад гол нийлүүлэгч болж хувирсан. Австрали энэ оны эхний есөн сарын байдлаар 21 сая тонн нүүрс Хятадад нийлүүлжээ. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийлүүлэлтийн харьцааны тухайд байдал эсрэгээрээ эргэсэн байна.

Үүний гол шалтгаан гэвэл Монголын нүүрсний өрсөлдөх чадваргүй байдал. Тэгэхээр гол зах зээл нь Хятадын далайн эрэг орчим буюу зүүн хойд эрэг орчмын гангийн гол үйлдвэрүүд байгаа. Тэр зах зээлд хүрэхэд Монголын нүүрс Австралийн нүүрстэй өрсөлдөж чадахгүй байна. Монгол улс нүүрсээ тэр хүртэл зөөгөөд хүргэхэд боловсруулсан нүүрс тонн тутамдаа 15-20 ам.доллараар үнэтэй болоод байдаг. Тэгэхээр бидний хувьд урт хугацаанд өөрсдийн өрсөлдөх чадвараа хадгалахын тулд 15-20 ам.доллараар тээврийн болон бусад ложистикийн зардлаа бууруулахгүй бол Монголын нүүрсний нийлүүлэлт хүссэн хэмжээгээр нэмэгдэх бололцоогүй. Өмнө нь олборлоод л зарчихдаг байсан бол одоо тийм бололцоогүй.

Хятадын импортын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Австралиас гадна Орос, Канад, АНУ-ын нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Тэдний хувьд далайн тээврээр тээвэрлэдэг учир хамаагүй бага зардалтай. Зардлын хувьд өрсөлдөх чадвар Монголоос хавьгүй илүү. Ерөнхийдөө бууралт нь дэд бүтцийн хөгжил, тээврийн зардалтай уялдаатайгаар манай өрсөлдөх чадвар доошилж улмаар нийлүүлэлт буурсан ийм дүр зураг байгаа. 

Зарим уул уурхайн бүтээгдэхүүнийг Тавантолгойгоос гангийн гол зах зээл Тангшан руу хүргэх тээврийн зардлыг зах зээлийн үнэтэй нь харьцуулсан тооцоо байгаа. Эрчим хүчний нүүрсний хувьд тээврийн зардал нь одоогийн зах зээлийн үнэтэй харьцуулахад 119 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын эрчим хүчний нүүрс энэ зах зээлд хүрэх ямар ч боломж байхгүй. Тавантолгойгоос олборлолт хийх үед зөвхөн коксжих нүүрс олборлогдохгүй. Зарим компанийн тооцоогоор олборлолтын 50 орчим хувь нь эрчим хүчний нүүрс гарах магадлалтай байгаа.

Энэхүү нүүрсний асуудлыг, мөн тээвэрлэлтийн асуудлыг шийдэхгүй бол бид олборлолтоо нэмэгдүүлэх бололцоо хязгаарлагдмал байгаа. Түүхий нүүрсний тээврийн зардлыг үнэтэй нь харьцуулсан хэсэг слайд дээр бий. Угаасан нүүрсний хувьд түүхий нүүрстэй харьцуулахад харьцангуй гайгүй дүр зурагтай харагдаж байна.

Үүнээс харахад нүүрсний бизнес тээврийн дэд бүтцээс хамаарсан бизнес болж байгаа юм. Энэ бизнес тээврийн зардлаас хамаарч байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын асуудалд янз бүрийн эргэлзээтэй байр сууриуд байсан. Асуудал шийдэх түвшинд нэлээд удсан. Цаашдаа нүүрсний салбар, зөвхөн нүүрс ч гэлтгүй төмрийн хүдэр зэрэг овор ихтэй эрдсийн салбаруудыг хөгжүүлэхэд дэд бүтэц асар чухал байгаа юм. Үүнийг цаашид цаг алдалгүй шийдээд яваасай гэсэн бодол байна. Энэ бол өнгөрсөн жилүүдээс авсан сургамж юм.  

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж