“Гоёл”-ын “топ”-ууд хаачив

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

“Гоёл”-ын “топ”-ууд хаачив

Энэ жилийн “Гоёл 2014” наадмын дараа үзэгчид жил жилийн “топ”-ууд нь хаачив хэмээн сураглаж байна. Монголын загварын ертөнцийн хамгийн том үйл ажиллагаа 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам 2001 оноос эхлэн Монголын “Топ” модель хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. Тиймээс энэ жилийн тайзнаа өмнөх “Топ” моделиудыг үгүйлсэн үзэгчид олон байлаа. Учир нь “Гоёл 2014” наадмын тайзнаа өмнөх наадмуудаас тодорсон “Топ” модель Г.Уранцэцэг, Ч.Ундрах, Э.Сэлэнгэ нарын ердөө л гурван топ модель тайзнаа алхсан. Харин анхны “Топ” модель “Мөнхийн залуу хатагтай” тодотголтой Э.Одгэрэл зочноор оролцон шагнал гардуулах ёслолд л оролцсон юм.  Үзэгчид үүнийг нь хошигнон “3+1+1” “топ”-уудтай “Гоёл” боллоо хэмээн ярилцаж байна. Ингээд үе үеийн “Топ” моделиор хэн хэн шалгарч байсныг эргэн хамтдаа тольдоё.

2001 Э.Одгэрэл: “Мөнхийн залуу хатагтай” гэх тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1986 оноос загвар өмсч эхэлсэн. Тэрбээр “Гоёл” наадмаас төрсөн анхны топ модель юм. “Шилмэл загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр одоо ч тайзнаасаа “буугаагүй” байгаа, хамгийн өндөр үнэтэй модель. Сүүлийн хоёр жил дараалан “Гоёл” наадмын тайзнаа шагнал гардуулан гарах болсон юм.


2001 Д.Болормаа:
Тэр бол бизнес хатагтай. Д.Болормаа 2001 онд Э.Одгэрэлийн хамт “Гоёл” наадмаас “Топ модель" өргөмжлөл хүртэж байсан юм. Тэрбээр 1990 оноос загвар өмсч, загварын ертөнцөд хөл тавьсан. Харин өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шинэ, соргог “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд зүтгэж яваа. Түүний шавь нар Монголын шилдэг загвар өмсөгчдийн эгнээнд бичигддэг нь сайн загвар өмсөгч төдийгүй сайн багш болохыг гэрчилдэг.  Тэрбээр өнгөрсөн жил хэвлэлд “Гоёл” наадмыг үнэ цэнээ алдсан хэмээн ярьж, ахиж хэзээ ч “Гоёл”-ын тайзнаа алхахгүй хэмээн ам гарч, түүндээ ч хүрч яваа.


2002 Д.Цолмон:
Тэрбээр өдгөө “MCS” компанид ажилладаг. Анх 17 наснаасаа загвар өмсч эхэлсэн.

2003 Ч.Туяацэцэг: Дизанйерууд Ч.Туяацэцэгийг хамгийн чадварлаг загвар өмсөгч хэмээн үнэлдэг. Тэр шилдэг загвар өмсөгчдийн нэг. Тэрбээр онгоцны үйлчлэгч мэргэжилтэй. Ч.Туяацэцэг хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд мэргэжлээрээ буюу онгоцны үйлчлэгч бүсгүйн дүрд тоглосон. Өдгөө “MCS” компанид ажилладаг байна.


2004 Х.Ундраа:
Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” агентлагт 14 наснаасаа загварын тайзнаа алхсан. Өдгөө “Mobicom” компанид ажиллаж байгаа. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй топ Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан “топ модель” хэмээн ярьдаг.

2005 Т.Баярзул: Багаасаа ардын бүжгээр хичээллэж, даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг Т.Баярзул “Монгол Ньюс” компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, “Улаанбаатар” зочид буудлын захирал Б.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан.

2006 Д.Пүрэвсүрэн: Тэр бол хамгийн алдартай топ модель. Д.Пүрэвсүрэн олон мэргэжилтэй. Үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж чаддаггүй нэгэн. Тэрбээр хамгийн сүүлд “Ларьдма” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ олныг шуугиулаад амжсан. Хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд түүнийг гэр бүлийнхэнтэйгээ гадаадад аялж яваа учраас “Гоёл 2014”-т  ороогүй гэсэн бор шувуу нисэж буй.


2007 Г.Уранцэцэг:
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг. Түүнийг саяхнаас биедээ хамгийн их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжилдөг болсон ч түүнийг загварынхан дотроо хамгийн “төгс” буюу шулуун урт хөлтэй хэмээн магтдаг юм билээ. Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд одоо “Торго” салонд ирээдүйн загвар өмсөгчдийн бэлтгэх ажилд хүчин зүтгэхийн хажуугаар загварын тайзнаа гунхсаар байгаа юм.

2008 Г.Алимаа: 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу “шилжсэн”. 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан.


2009 О.Уянга:
14 наснаасаа загвар өмсч эхэлсэн. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр сүүлд “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглосон.

2010 Ч.Уранбилэг: Тэрбээр “Дорнын тэргүүн мисс”, “Шилдэг фото мисс” гээд чамгүй шагналын эзэн. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа юм билээ.

2011 Э.Сэлэнгэ: Түүнийг хамгийн гоё өгзөгтэй топ модель хэмээн өргөмжлөөд байгаа. 17 настайгаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон тэрбээр өдгөө “Шилмэл модель” агентлагт багшилж байна.

2012 Ч.Ундрах: 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөсөөр байгаа тэрбээр “Топ” модель болох гэж ил, далд “фронт”-д нь үүрэг хүлээсэн цэрэг мэт зүтгэсэн гэдэг. Учир нь түүнд өнөөг хүртэл загвараа өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн алба давхар оногдсоор иржээ.

2013 О.Пүрэвдулам: "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч "Гоёл" наадмын "Шилдэг фото модель", "Өсөх ирээдүйтэй модель" шагналуудын эзэн тэрбээр "Дурлалын ангууч" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Catwalk" охидын хамтлагийн ахлагч. Өнгөрсөн жил тэрбээр “Алтны магнат” Ц.Мянганбаяртай дэр нэгтгэн анхны охиноо өлгийдөн авсан. Түүнийг Мянганбаярын ивээлээр топ-ыг авсан гэх хардалт өнөөдрийг хүртэл намжаагүй л яваа. Харин энэ удаагийн “Гоёл”-д өнгөрсөн жилийн “отгон” топ ирээгүй нь олны дургүйцлийг хүргэсэн. “Анхны топ нь ирээд болоод байхад отгон топ нь арай ч  дээ. Эрт биеэ тоожээ” гэх яриа олны дунд хөвөрсөөр үлдлээ.

2014 Загвар өмсөгч С.Ариунбилэг: Тэрээр “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөлийг тус тус хүртэж байсан нэгэн юм. Мөн “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” гэх мэт олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг нэгэн. Мөн тэрбээр Монголын загварын ертөнц дэх анхны хамтлагаар тодорч явсан “Cherful” хамтлагийн гишүүн байсан юм.  “Гоёл 2013” наадмын "Шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийг хүртэж байсан тэрбээр “отгон” топоор өргөмжлөгдлөө.

Энэ удаагийн “Гоёл” наадмын “топ”-ыг хэн авах бол гэсэн олны таамаглал дунд түүний нэр байгаагүй нь хачирхалтай. Харин топ болчих бол уу хэмээн горьдлого тавьж байсан мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл, загвар өмсөгч О.Ариунзул, мисс загвар өмсөгч Т.Туяамаа, мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, загвар өмсөгч н.Намуунаа нар шагналгүй хоцров. Сонирхолтой нь, эдгээр загвар өмсөгчдөөс Т.Туяамаа,  Т.Батцэцэг нар эх орныхоо тайзнаас авч амжаагүй байгаа шагналаа Азиас хэдийнэ авсан бөгөөд “Азийн топ модель” хэмээх өргөмжлөлтэй юм.


Г.ДАША

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж