Утааг бүхэлд нь “чанартай” болгоё

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Утааг бүхэлд нь “чанартай” болгоё

Бид хэдхэн жилийн өмнөхийг бодвол “чанартай утаа”-гаар амьсгалж буй ажээ. Учир нь УИХ-ын нэгэн гишүүний ярьснаар “Хар, цагаан хоёр утаа чанарын ялгаатай. Хэдэн жилийн өмнөхийг бодвол цагаан утаа зонхилох болсон” гэнэ. Тэгвэл тэр хар цагаан утааны чанар буюу агаарын чанар гэж юу вэ. Агаарыг бохирдуулагч үндсэн элементүүдийн агаарт байх ёстой дээд хэм хэмжээг нарийн тооцож гаргасан үндсэн стандартыг агаарын чанар гэдэг ажээ. Тиймээс ч дэлхийн улс орнууд өөр, өөрийн цаг уур, үйлдвэржилтийн хэмжээнээс хамаараад “Үндэсний стандарт”-тай байдаг байна. Манай улсын хувьд Үндэсний стандартаа 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийг үндэслэн шинэчлэн баталжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр манай улсын стандарт нь харьцангуй сайн стандарт юм байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлохдоо арван харуулын цэг /өдөр тутам хяналт шинжилгээ хийж, дүн мэдээгээ дамжуулж байдаг суурин цэг/-ээр хяналт шинжилгээ явуулж, 2-6 үзүүлэлтээр хэмжиж судалдаг байна. Манай улсын хувьд жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл халаалтын улирал байдаг бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол ихэсдэг. Агаарын үндсэн бохирдуулагч буюу хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг химийн элементүүдийн хэмжээ одоогийн байдлаар асар их байгаа аж. Ус цаг уур орчны шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын мэргэжлийн албаны дүн мэдээгээр бол өнгөрсөн аравдугаар сарын байдлаар хүхэрлэг хий өнгөрөгч оны мөн үеийнхээс 5,4 хувиар, азотын давхар исэл 11 хувиар багасч, тоосонцорын хэмжээ өнгөрсөн оныхоос 14 хувиар ихэссэн байна. Бүр нарийвчилсан байдлаар буюу арваннэгдүгээр сарын дунджийг авч үзвэл хүхэрлэг хий 16 мекрграмм шоо метр байсан бол өнгөрсөн оны энэ үед 28 мекрграмм шоо метр байж. Харин азотын давхар ислийн хувьд 54 мекрграмм шоо метр буюу мөн л өнгөрөгч оныхоос буурсан үзүүлэлт гарч.

Үүнээс үзэхэд зарим УИХ-ын гишүүд, Агаарын чанарын албаны удирдлагууд худлаа хэлээгүй ч юм шиг санагдахаар байгаа биз. Гэвч харамсалтай нь огт тийм биш юм. Яагаад гэхээр дээрх үзүүлэлтүүд буурсан байгаа ч  зөвхөн арваннэгдүгээр сарын 22-ний өдөр Зуун айл орчимд хийсэн тоосонцорын хэмжилтээр PM-10 тоосонцор 793 мекрграмм шоо метр байж. Гэтэл энэ нь өнөөх сайн гэгдээд байгаа манай улсын агаарын чанарын Үндэсний стандартад заасан тоосонцорын хэмжээнээс даруй 7,9 дахин их байгаа юм. Уг нь стандартын дагуу бол Улаанбаатар хотын агаарт байх PM-10 тоосонцор 100,3 мекрграмм шоо метр байх ёстой аж. Тэгэхээр агаарын үндсэн бохирдуулагч бусад элементүүд ч гэсэн энэ мэт их байгаа нь тодорхой зүйл. Тиймээс л Л.Эрдэнэчимэг гишүүний “Тамхины утаанаас ч хоргүй” гээд байгаа нь худлаа болж таарч байгаа юм. Харин

“Аргалын утаа боргилсон
 Малчны гэрт төрсөн би”
хэмээн дуулж явсан тэртээх он жилүүдэд л утаа хоргүй байсан байж болох юм.

Жилийн жилд нийслэлчүүдийн уур бухимдлыг барж, тэдний эрүүл мэндийг чимээгүйхэн “шимэгчилж” байгаа агаарын бохирдол буюу утаанд гэр хорооллын айл өрхүүд, цахилгаан станцууд болон автомашинууд хичнээн хувиар “тус нэмэр”-ээ оруулж байгаа талаар тоо баримттай, яг тийм гээд хэлчихсэн судалгаа байдаггүй юм билээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 400 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцдог бол 200 орчим мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа. Мэдээж тодорхой тооны станцууд ч үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улсын агаарын бохирдол бол цаг уурын онцлог болоод дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой. Харин АЧМА-ны мэргэжилтэн Ж.Баярмагнайгийн хэлж байгаагаар яг тодорхой тоо баримт байхгүй ч гэсэн хүний амьсгалд нөлөөлдөг гадарга орчмын буюу яндан, автомашинаас ялгарч байгаа утаа агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг байна. Эрүүл хүн тайван байдалд нэг минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед хорин мянган литр хүртэл өсдөг гэсэн судалгаа байдаг. Гэтэл нийслэлчүүд жилийн гурван улиралд нь хүчилтөрөгчөөр бус угаараар амьсгалдаг болоод удаж байгаа. Байгалийн зүй тогтол, геохимийн үүднээс үзэхэд  агаар мандлын хүнд, хортой элементүүд нь газраас 100-150 метрийн зайд буюу хүмүүсийн, тэр дундаа хүүхдийн амьсгалын төвшинд байдаг ажээ. Тиймдээ ч агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болдгийг судлан тогтоосон байна. Мөн нийслэлд амьдардаг хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилдөг. Уушгины хатгалгаагаар эмнэлэгт нас барсан өвчтөнүүдийн 79,2 хувь нь тав хүртлэх насны хүүхдүүд байсан гэсэн харамсалтай судалгаа ч байна. 

Үүнээс гадна агаарын бохирдол, утаа нь жирэмсэн эх болоод урагт асар ихээр заналхийлдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Үүнийг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа үр зулбалт, эхийн эндэгдэл, уушиг цоорхой болон элдэв гажигтай хүүхдүүд төрөх болсноор нотолдог. Нийт төрөлтийн найман хувийг дутуу төрөлт эзэлдэг бөгөөд үүнд хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй агаарын бохирдол гэдгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч З.Ариунцэцэг хэллээ. Харин үүнээс аюултай нь энэхүү “утаа” гэгч хор монгол хүний удамшлын генд нөлөөлж эхэлснийг Монгол Улсын гавьяат багш, Анагаах ухааны доктор И.Пүрэвдорж өөрийн судалгаагаараа нотолсон байна. Түүний хэлж байгаагаар автома­шины яндангаас гарч байгаа утаа нь нарны хэт ягаан туяатай урвалд орсыноор хүний амьсгалын замын эрхтэн болоод цаашдаа удамшилд нөлөөлдөг маш хүчтэй хорт бодисыг үүсгэдэг байна. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллөөр нь хурц ба архаг гэж хуваадаг бөгөөд хурц нөлөөлөл нь өндөр идэвхээр богино хугацаанд хорт нөлөө үзүүлэхийг хэлдэг аж.

Манай засаг төрийг барьж байгаа өндөр, дээд албан тушаалтнууд утааг багасгахын тулд  шахмал түлш, төслийн зуух ярьсаар сүүлийн хэдэн жилийг өнгөрөөлөө. Бүр сүүлдээ улсын маань нийслэлд униартан, уушги зүрхийг хордуулан байгаа өнөөх гайхлаа “хортой”, “хоргүй” гэж ангилаад өөрсдөө “хоргүй” утаа­тай бүс нутагт нь амьдраад байгаа бололтой юм. Ингэж хардахгүй байх арга алга. Бодвол сайн чанарын утаа нь орон сууцны хороолол, хотын төв, Их тэнгэрийн ам, Зайсан хавиар л суунагладаг байх. Учир нь би л лав одоохондоо Толгойт, Баруун салаа, Баянхошуу, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Шар хад зэрэг газруудаар “чанартай” утаатай таараагүй л байна. Тиймээс “Миний ард түмэн”, “Би та нарын нэг” гэж ярьдаг эрхмүүдэд хандаж “Улаанбаатарын утааг бүхэлд нь  “чанартай” болгооч” гэж хүсье.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж