Л.Гантөмөр: Үсэг хасах даалгаврыг хэнд ч өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Үсэг хасах даалгаврыг хэнд ч өгөөгүй

“11-11” төвд иргэд цагаан толгойн үсгээс ь, ъ, щ, й дөрвөн үсгийг хасах гэж буйг шүүмжилсэн санал, гомдол их ирүүлсээр байгаа аж.

Энэ талаар Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт тайлбар хийж “Засгийн газраас монгол хэлээ илүү сайжруулах зорилготой тогтоол гаргасан. Үүнд бүх байгууллагын хаягийг кирилл үсгээр бичих, их, дээд сургуульд элсэгчид болон төрийн албанд орох гэж буй хүнээс монгол хэлний шалгалт авдаг байх, бага насны хүүхдэд хичээлийг илүү сонирхолтой аргаар заах талаар тусгасан. Нэг үгийг олон янзаар бичдэгийг цэгцэлж, нэгдсэн толь гаргахаар эрдэмтэд ажиллаж байгаа. Харин үсэг хасах тухай албан ёсны шийдвэр гараагүй” гэсэн.

Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд Л.Гантөмөр мөн тайлбар хийлээ. Тэрээр “Хэрэглээд дадал болсон крилл үсгийг хэл шинжлэхийн эрдэмтэд ширээний ард суугаад сольчихдоггүй юм. Эрдэмтэд юуг ч судалж болно. Харин асуудлыг яам, Засгийн газар, их хурал ярилцаж байж шийднэ. Бид цагаан толгойгоос үсэг хасах даалгаврыг хэнд ч өгөөгүй. Дүрмийн толь зохиох ажлын хэсэг гарсан. Тиймээс энэ ярианд цэг тавих хэрэгтэй” гэсэн байна.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж