Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj твийттэр хуудсандаа “Энхийг сахиулагчдад медаль гардуулж байтал нэг нь  "Таньж байна уу" гэх нь тэр. Нүүр рүү нь харвал хүү минь байв” гэж жиргэжээ. Энэ жиргээ ойрын хэдэн өдрийн жиргээчдийн гол сэдэв болж байна. Фантазынх нь жорыг  жаахан хэтрүүлчихсэн л болохоос  энэ бол сайхан жишээ. Ялангуяа манай давилуун зантай өндөр дээд албаныхан, хэтэвч зузаан хөрөнгөтнүүдийн хувьд даган дууриах зөв үлгэрлэл гэж би хувьдаа харж байна.

“Улаан талбайд алхаж явсан гутал шүү” гэдэг шиг Солонгосын ерөнхий сайдын хүүтэй хамт ажиллаж байлаа гэвэл та итгэх үү. Сөүлээс холгүйхэн орших Ансан хотын гар утасны үйлдвэрийн нэгэн залуу ажилтанд хүн болгон хүндэтгэлтэй хандаад байсны учрыг эхэндээ ухаараагүй ч тус улсын Ерөнхий сайдын хүү нь гурав дахь жилдээ үйлдвэрт ажиллаж байгааг сонсоод мэл гайхаж, цэл хөхөрнө гэгч л болж билээ. Манай Ерөнхий сайдын үр хүүхдүүд гэж ард олон дундаа ажиллах нь бүү хэл тэнгэр баганадсан сууц, теньтэй машинаар мань мэтээсээ тусгаарлагддаг болохоор үнэнхүү сонин санагдаж билээ. Гэвч Солонгост бол энэ нээх гайхмаар үзэгдэл биш. Тэнд эр хүн болгон цэргийн алба хашдаг. Эс бөгөөс үйлдвэр аж ахуйн газруудад багадаа гурван жил ажиллах үүрэгтэй. Дарга сайдын хүүхэд байна уу, урлагийн од байна уу огт падлийгүй. Тиймээс ч царайлаг, нуруулаг жүжигчин залууг цэргээс халагдаж ирэхэд олон зуун охид уйлж угтах дүр зураг жил бүр давтагдана.

Харин манай “томчууд”-ын хүүхдүүд юу хийдэг вэ. Аав ээжийн цуглуулсан хөрөнгийг эгээ л өөрийнх мэт зарж, үрж, архидан согтуурч, зодоон цохионд оролцсоноороо уралдана. Тэдний дунд олны итгэл хүлээсэн төрийн түшээ хүртэл бий. Сумогийн аварга, нефтийн магнатын хүү сүүлийн жишээ болон дурсагдаж байх жишээтэй. Гэтэл Ерөнхийлөгч хүүгээ Өмнөд Судан руу  энхийг сахиулахаар явуулсан гэдэг нь  өөрөө хамгийн зөв үлгэрлэл. Явуулахгүй байх түмэн шалтаг, буман боломж эцэг хүний хувьд бий. Э.Эрдэнийн хувьд ч эцгийн сүрээр сугараад үлдэхэд гайхах зүйлгүй. Гэтэл тэгсэнгүй. Эх орноо төлөөлсөн 850 эр цэргийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү байжээ. Үүнээс илүү сайхан мэдээ үгүй. Одоо Солонгост ажиллаж буй хүмүүс хэний ч хүүтэй мөр зэрэгцээд ажиллахдаа над шиг нүдээ бүлтийлгэхгүй. Учир нь Ерөнхийлөгчийн хүү ч, Ерөнхийлөгч ч бидний л адил эдлэх эрх, үүрэх хариуцлагатай эгэл нэгэн монгол хүн гэдгийг мэдэрсэн болохоор.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж