&#34Гишүүд төдийгүй иргэдийг ч тагнадаг байдал газар авсан&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

&#34Гишүүд төдийгүй иргэдийг ч тагнадаг байдал газар авсан&#34

Ж.Батзандан: Гишүүд төдийгүй иргэдийг ч тагнадаг байдал газар авсан

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулийн ерөнхий газар /ТЕГ/-ын ажилтан дагасан учраас АТГ-т хандах гэж байгаа талаархи мэдээлэл гараад байсан. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Таныг ТЕГ-аас тагнасан, дагасан гэсэн мэдээлэл гараад байна?

-ТЕГ-ын 08-26 дугартай УБЦ дугаартай автомашин намайг өдөржин дагасан. Энэ талаархи баримт бүхий гэрэл зураг надад бий. ТЕГ-ынхан гэмт хэрэгт холбогдсон бол түүнийг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын хүрээнд дагаж чагнаж болдог. Гэтэл гэмт хэрэгт холбогдоогүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр дагаж  байгаа бол энэ өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүдийг дагадаг, дээрээс нь жирийн иргэдийг дагадаг, тагнадаг, дураараа утсыг нь чагнадаг байдаг газар аваад буй. Үүнийг таслан зогсоохоор Гүйцэтгэх албаны тухай хуулийг шинэчилнэ.

-Таны утсыг чагнаж байгаа гэсэн нотолгоо бий юу?

-Миний утсыг чагнаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй ч дагаж байгаа нь нотлогдчихсон. Миний хувьд УИХ-ын Хяналтын дэд хороо, Тагнуулын ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий сайдад тус тус хандаад байгаа.

-Таныг офшор данстай холбоотой хуулийн төсөл санаачилснаас болж тагнаж байна гэж хардах үндэслэл бий юу. Ер нь УИХ болон төрийн өндөр албан тушаалтнуудаас офшор данстай  хэдэн хүн байна  вэ?

-Офшорт Монголын маш их баялаг байгаа нь тодорхой болсон. Монголоос дэлхийн, Азийн баячууд тодорч байна. Ялангуяа улстөрчид, улс төрийн хүрээнээс дэлхийн баячууд тодорч байгаа тухай дэлхийн эдийн засаг судалдаг байгууллагууд зарласан. Офшор бүст өөрийн нэрээр данс нээсэн Монголын улстөрчид байгаа. Өмнөх сайдууд ч, УИХ-д байсан хүмүүс ч бий. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн вэб сайтад улстөрчид, улстөрийн хүрээнийхний нэрийг оруулаад хайлт хийвэл офшорт данс нээдэг, компани байгуулдаг, банк бус санхүүгийн байгууллагаас нууц үйлчилгээ авдаг  байдал газар авсан. Тиймээс энэ үйлдэлүүдийг таслан зогсоохоор хууль санаачлаад ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж