МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Тухайлбал, Мөрдөх албаны тухай хууль болон Говь-Алтай аймагт үүсээд буй орон нутгийн сонгуулийн маргааны талаар хэлэлцсэн байна.

Говь-Алтайд дахин сонгууль болно

Говь-Алтай аймагт Орон нутгийн сонгуулийн зарим тойрог, жагсаалтаар нэр дэвшигчид зэрэг 17 хүнийг дахин сонгох сонгууль болох ёстой. Гэвч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, 2012 оноос өмнө ажиллаж байсан ИТХ нь шийдвэр гаргаад байгаа зэрэг асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, СЕХ болон зохицуулалтын орчин ямар байгаа талаар намын бүлэг сонссон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн орон тооны зөвлөх Ш.Раднаасэд “Говь-Алтай аймагт таван тойрогт дахин сонгууль явуулах, намын нэрийн жагсаалтаар аймаг даяар дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, 35-аас 17 хүний бүрэн эрх хүчин төгөлдөр бус болоод байна. Аймгийн хэмжээнд дахин сонгуулийг ямар төсөвөөр зохион байгуулах, шийдвэрийг хэрхэн гаргах талаар тодорхойгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн гарын үсэгтэй  2012 оны сонгуулийн сонгогдсон төлөөлөгчид болох 18 хүн эрх зүйн чадамжтай учраас шийдвэр гаргаж болно гэсэн бичгийг мөн хүргүүлсэн. Энэ дунд нь орон нутаг хүнд байдалд орсон байна. Энэ асуудлыг СЕХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Тус аймагт дахин сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлогдоод байна.

Мөрдөх албаны хуулийг хэлэлцхийг хойшлуулна гэв

Мөрдөх албаны тухай болон түүнийг дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Тус хуулийг дагалдаж,  Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирж буй. Энэ хуулийн ажлын хэсгийн мэдээллийг МАН-ын бүлэг сонссон байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл орж байгаа бөгөөд энэ хуулийн энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг хийхийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, “Мөрдөх албаны хуульд тусгаснаар тус албаны даргыг хэн сонгох, мөн Мөрдөх албаны дарга нь хоёр орлогчтой байх нь орон тоог нэмэгдүүлэх хандлага төрүүлэх вйи гэсэн хардлага байна. Ерөнхийд нь хуулиа батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүд Мөрдөх албаны болон дагалдах хуулийн төслүүдээ дахин хянах шаардлагатай гэж үзэж байгаа. Хуулийг гаргана, гэвч тодорхой авч хэлэлцэх ажлууд олон байгааг ажлын хэсгийхэн ч мөн онцолж байгаа юм” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж