Киевт иргэд цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Киевт иргэд цагдаа нартай мөргөлджээ

Украйныг Европын холбоонд нэгтгэх гэрээнд гарын үсэг зурахгүй байх шийдвэр гаргасан эрх баригчдын эсрэг өчигдөр /ХII.1/ олон зуун мянган ард иргэд нийслэл хотноо эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Украйны Ерөнхийлөгчийн ордоны гадна болсон мөргөлдөөний үеэр олон тооны хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр цагдаагийн газрын ойролцоо болсон мөргөлдөөний үеэр 100 орчим цагдаа гэмтэж бэртсэн гэнэ. Уурссан ард олон ерөнхийлөгчийн ордоны гадна хамгаалалтанд зогссон цагдаа нарын эсрэг том тоосго, чулуу шидэж байсан бөгөөд хүчнийхэн тэдний эсрэг нулимс асгаруулагч, утаат гранат ашиглажээ. Энэ 12 сарын эхний өдөр Ерөнхийлөгч Виктор Янукович болон Засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Киев хотын төвийн хаа сайгүй зохион байгуулагдаж,  үймээн самуун, мөргөлдөөнөөр өндөрлөсөн байна. Үүнээс нэг өдрийн өмнө Украйны Засгийн газар Киевийн тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаад байсан боловч өчигдөр энд 100 мянгаас 350 мянган хүн цугласан байжээ.

Украйнд үүсээд буй нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт эрх баригчид тус улсыг Европын холбоонд нэгтгэх болон чөлөөт худалдааны гэрээг байгуулахгүй байх шийдвэр гаргаснаас үүджээ. Украйнчуудын зүгээс ОХУ-ын нөлөөлөнд автаж, Европын холбоонд нэгдэх болон чөлөөт худалдааны гэрээ байгуулахад саад учрууулсан Ерөнхийлөгч, Засгийн газраа нэн даруй огцорч, шинэ сонгууль явуулахыг шаардаж байна.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж