
Солонгосын дайнд Өмнөдийг дэмжин оролцсон АНУ-ын армийн албан хаагч Меррил Ньюмэн гэгч Хойд Солонгост аялахаар очоод баривчлагдан сар гарангийн хугацаанд хоригдож байгаа билээ. Энэ талаар түүний хүү болон хамт аялалд явсан нөхдүүд удаа дараа мэдэгдэж байсан боловч АНУ-ын талаас ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байсан юм. Гэтэл Хойд Солонгосын үндэсний мэдээллийн агентлаг уржигдар /ХI.30/ 85 настай Меррил Ньюмэн Солонгосын дайны үеэр тус улсын эсрэг үл мартагдах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээснийг мэдэгджээ. Мөн түүний өөрийн гараар бичсэн уучлал, өршөөл эрсэн мэдэгдлийг хэвлэсэн байна. Үүний дараа АНУ-ын албаныхан Хойд Солонгосын талд хандан Меррил Ньюмэнийг суллахыг шаарджээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кэйтлин Хэйдин мэдэгдэхдээ “Ньюмэний нас, эрүүл мэндийн байдлыг бодсон ч Хойд Солонгос улс түүнийг нэн даруй суллаж, эх оронд нь ирүүлэхийг шаардаж байна” гэжээ. Түүнчлэн тэрээр Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьт хоригдож буй Кеннет Бейд өршөөл үзүүлэх асуудлыг Пхеньяны албаныхантай авч хэлэлцэхээ мэдэгдсэн байна.
АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Меррил Ньюмэн Хойд Солонгост 10 өдрийн жуулчлалаар очоод өнгөрсөн аравдугаар сарын 26-нд нисэх онгоцны буудлаас баривчлагдсан аж.
Үүний зэрэгцээ АНУ-д өөр нэг Меррил Ньюмэн гэгч эрэгтэй байдаг бөгөөд тэрээр Солонгосын дайны үеэр гүйцэтгэсэн гавьяаныхаа төлөө “Silver Star” медалиар шагнагдсан гэнэ. Тиймээс Хойд Солонгост хоригдож буй Ньюмэний ар гэрийнхэн Пхеньяны эрх баригчид түүнтэй андууран баривчилсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.