Монголд 20 гаруй улс төрийн нам бий. Бүгд өөрийн гэсэн гишүүнчлэлтэй ба зохих тоог хэлдэг. МАН хоёр зуу гаруй мянган гишүүнтэй гэдэг бол АН зуун жаран мянга, Иргэний зориг ерэн мянга давсан гэх. Ингээд бодохоор Монголын хөдөлмөрийн насны бүх хүн аль нэг намын харъялалтай байх магадлалтай. Дээр нь фракц буюу бүлэглэлийн гишүүн. Энэ сайн зүйл авчрах уу? Мэдээж үгүй, ядаж байхад тэд нь хоорондоо тэмцэлдээд байхаар. Ийм хөгийн тэмцэл сүүлийн үед эрх барьж буй намын дотор газар авах боллоо. Орон нутагт хүчтэй өрнөж байна.
Дархан-Уул аймгийн АН-ын хэсэг нөхөд Улаанбаатарт ирж шуугиулав. Ерөнхий нарийн бичгийн дарга нь “Хот та нарын хоргодох байр биш” гэж загнав. Үнэндээ бол тус аймгийн АН хоёр даргатай, хоёр байр, хоёр тамгатай шахуу болж л дээ. Ерөнхийлөгчийн Сонгуулийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тус аймагт очиж бүлэглэлүүдийг ширээний ард суулган тохиролцуулж чадаж. Ингээд намын даргаар Л.Наранбаатарыг сонгосон байна. Гэтэл саяхан өмнө нь тус намын дарга байсан “Бурхан Халдун” компанийн Л.Мягмардаш өөрийн дүү Л.Мөнхдашийг Дархан-Уул аймаг дахь АН-ын хорооны даргаар сонгуулж чаджээ. Тохиролцоо зөрчсөн, дүрмийн бус энэ үйлдлийг жирийн гишүүд дэмжигчид эсэргүүцэв. Дахин ерөнхий нарийн бичиг очиж тохинуулав. Хариуд нь тийнхүү компанийн нам болсныг дэмжсэн хэсэг нөхөд нийслэлд ирэн генсекээ огцруулна хэмээн хашгиралдсан нь тэр.
Дорноговь аймгийн АН-ын хэсэг нөхөд ч Засаг дарга, аймгийн АН-ын дарга П.Ганхуягийг огцрохыг шаардаж буй аж. Аймгийн ИТХ 27 гишүүнтэй түүнээс 16 нь АН-ынх, МАХН нэг гишүүнтэй. Ардчилсан хувьсгал гарснаас хойшхи 23 жилийн хугацаанд анх удаа аймгийн ИТХ-д ийнхүү олонхи болжээ. Энэ “улаан” аймаг сүүлийн найман жил Засаг дарга, намын даргаар ажилласан П.Ганхуягийн үед ийнхүү цэнхэртжээ. Харин одоо түүнийг ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, АН-ын бүлгийн дарга Э.Энхжаргал тэргүүтэн огцрохыг шаардаж байна. Өнгөрсөн жил Дорноговь тэргүүний аймгаар шалгарсан. Сайншанд-Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд тавьсан зам нь Ази-Европыг холбосон олон улсын зам болсоноос эхлээд аймаг, бүс нутгийн хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалт, Хамрын хийд дэх “Өвгөн суварга” дэлхийн стандартад нийцсэн байгууламж болсныг очсон болгон магтаж байгаа нь үнэн. Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор өртөөлсөн. Энэ бүхэн мөнгө үнэртүүлж байгаа биз. Тэгээд Засаг даргыг огцрохыг хэн, ямар хүмүүс илүү шаардаад байгааг анзаарахад гэмгүй. Ер нь аймаг, орон нутгийн дарга нарын ажлын үнэлэмжийг намыхнаар нь биш, нутгийн олон түмнээс асуух нь зүйд нийцнэ.
Ийнхүү тэмцэл хагаралтай байгаа аймгуудыг цааш нь тоочиж болно. Эрх баригч дотроо төдийгүй МАН ялсан аймгуудын зөрчил гээд энэ засгийн чадамжид нөлөөлөхүйц асуудал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.
Эцсийн бүлэгт энэ бүх хагаралдааны гол шалтгаан нь нөгөө л фракц бүлэглэл юм. АН засаг авснаас хойшхи хамгийн том зовлон нь энэ. Гэхдээ тэдний асуудал бол тэднийх. Монголынх биш. Улсыг, ард түмнийг хохироож болохгүй ба хөгжил дэвшилд саад болох ёсгүй юм.