
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзатлыг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан билээ. Зөвлөлдөх уулзалтаар төрийн данхайсан бүтэц, хүнд суртал, авлигыг арилгаж, төрийн байгууллага, тэнд ажиллагсад ард түмэндээ үйлчилдэг болох нь ухаалаг төрийн шинж гэж онцолсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөлдөх уулзалтад тавьсан илтгэлдээ болохгүй, бүтэхгүй байгаа олон асуудлыг дэлгэн, том төрөөс ухаалаг төр лүү шилжих олон шийдэл, санал санаачлага гаргаад байгаа. Энэ уулзалтаас хойш хоёр долоо хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Нээлттэй ухаалаг төр рүү хийж байгаа ажил” сэдвийн дор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн. Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд ойр, чирэгдэлгүй, хурдан шуурхай төрийн үйлчилгээг бий болгох, ард иргэдээ сонсох, санал бодлыг нь тусгах чиглэлд хийж буй иргэдээ сонсох 1111 төв, zasag.mn мэдээллийн сайт, төрийн үйлчилгээний ТҮЦ машин, шилэн дансны үйлчилгээ, аймаг дүүргийн Засаг дарга, Элчин сайдуудтай хийх Цахим уулзалт зэрэг ажлыг онцолж байлаа. Энэ бүхэн том төрөөс ухаалаг төр рүү шилжих эхний алхмууд гэж Засгийн газрын тэргүүн онцолсон. Харин УИХ-ын гишүүдийн ухаалаг, нээлттэй төрийн талаарх байр суурийг бид энэ удаа онцолж байна.
Д.Лүндээжанцан
-Өнөөдөр том данхгар бүтэцтэй төр байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн бодлогыг иргэддээ ойр, авсаархан төр бий болох юм байна гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ чиглэлд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж тодорхой ажил хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэтэрхий хэлбэр хөөгөөд ухаалаг төрийн жинхэнэ агуулгыг орхигдуулах хандлага байна. Ухаалаг төртэй байхын тулд ард түмний хүсэн хүлээж буй тэр ажлуудыг хийх ёстой. Манай намын 27 дугаар их хурлаар ч ийм санал санаачлагууд гарсан. Ерөнхийлөгч том төрийн талаарх илтгэлдээ “Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ ын гишүүн, төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаар нь хомроголон халсан зэрэг” олон хөндүүр асуудлыг хөндсөн. Ерөнхийлөгчийн баримталж буй байр суурьтай МАН санал нэг байгаа.
Ө.Энхтүвшин
-Нээлттэй ухаалаг төртэй болох чиглэлд Засгийн газрын хийж буй ажлуудыг зөв зүйтэй гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч төрийн албаны зардал өсч, төрийн албан хаагчийг намаар нь ялгаварлах, төр хувийн хэвшил рүү хэт хутгалдах зэрэг алдаа байгааг хэлсэн. Төрийн том данхгар бүтэц байна гэж шүүмжлээд байгаа хэрнээ Засгийн газар Төрийн захиргааны алба хаагчийн тоо 200 мянга гараад явчихсан байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад байгаа шинэчлэлийг хийж байна гэхэд эргэлзээтэй. Төрийн чиг үүргийг багасгах, зарим чиг үүргийн хувийн хэвшил, ТББ-д шилжүүлэх зэрэг ажлыг хийх хэрэгтэй.
А.Бакей
-“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган цаг үеэ олсон чухал үйл явдал болсон. Сүүлийн 20 гаруй жил явж ирсэн төр маань хэдийгээр УИХ-ын сонгуулиар ард түмний сонголтонд шингэсэн төр ч гэсэн зарим талаар гажуудал байгаа. Тиймээс ухаалаг төр рүү шилжүүлэхтэй холбоотой нийгэмд эхний дохиог өгч байна. Үүнийг бодит ажил болгохын тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон төрийн холбогдох байгууллагууд тодорхой хэмжээгээр арга хэмжээ зохион байгуулж, амьдралд хэрэгжүүлэх алхам хийх ёстой. Чуулган дээр хэлсэнчлэн заавал Үндсэн хуульд хүрэхгүйгээр тулгамдсан өөрсдөө хийж болох ажлуудаа шууд хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, төрийн албаны орон тоо нэмэгдэж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа нь нэг гажуудал. Төрд байгаа чиг үүргийн давхардал, шат дамжлага, чирэгдэл, үйл ажиллагааны уялдаагүй байдлыг засч, залруулахыг Засгийн газар яаралтай хийх ёстой. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д шинэчлэн боловсруулах, шинээр боловсруулах 10 хуулийн чиглэл өгсөн. Тухайлбал, Лицензний тухай, төрийн албаны хууль гэх мэт. Үүнийг зөвхөн эрх баригч нам бус УИХ-д суудалтай намууд үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой.
Х.Тэмүүжин
-Олон шинэтгэл хийх шаардлагатай байгаагийн дотор төрийн байгууллагын шинэчлэл чухалд тооцогдож байна. Ашиг сонирхлын зөрчилгүй, авлигагүй, үрэлгэн биш цомхон төсөвтэй төртэй болохыг цаг үе шаардаж байна. Ямар өөрчлөлт хийх вэ гэдэг загвар зураг, чиглэлээ гаргахад Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалтын зорилго чиглэж байгаа. Замын цагдаа нарт жолооч нарыг торгох ухаалаг төхөөрөмж тараалаа. Энэ нь нэг талаас хахууль авахыг зогсоохоос гадна нөгөө талаас жолооч нарт маргаан үүсгэх, давж заалдах боломжийг олгосон. Ирэх жилээс хэв журам сахиулах цагдаагийн алба хаагчдыг ийм төхөөрөмжөөр хангахаар төлөвлөж байна. Бэлэн бусаар торгуулийг төлүүлэх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүмүүсээ хариуцлагатай болгоход чухал нөлөөтэй. Энэ мэт ухаалаг системийг цаашдаа олон салбарт нэвтрүүлснээр ямар хэрэг хаана, хэрхэн шийдэгдсэн зэргийг хүний оролцоо багатай, хүндрэлгүй, нээлттэй мэдэх боломж бүрдэж, жинхэнэ бодит ухаалаг тогтолцоо руу шилжинэ.
Ц.Нямдорж
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим үйлчилгээг сайжруулах талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Дамжлага багатай үйлчилгээний чиглэлд хийх шинэчлэл, Засгийн газраас хийж байгаа ажилд МАН санал нэг байгаа. Гэхдээ Засгийн газар төрийн бүтцийг хасах бус нэмдэг байдал руу шилжээд байна. Тиймээс энэ тал дээр Ерөнхийлөгч санаачлага гаргах ёстой. Хэрэв сайн зүйл орж ирвэл бид дэмжинэ. Цахим болон ухаалаг системийг оруулж ирж байгаа бол орон тоо зайлшгүй буурах ёстой. Үзэл суртал талаас нь асуудалд хандаад байгаа болохоос бодитой орон тоог бууруулах тал дээр ажиллахгүй байна. Ирэх жил 3300 орон тоог нэмэхээр төсөв батлуулсан. Үүнийг нэмэхгүйгээр ухаалаг, цахим, техник, технологийн дэвшлээ ашиглан асуудлыг шийдэх ёстой байсан. Одоогийн Засгийн газар хэзээ ч байгаагүй өргөн бүтэцтэй байна. Үүний нэг жишээ нь хуучин агентлагийн статустай 10 гаруй газрыг улсын үйлдвэрийн газар болгож, төсвөөс санхүүжүүлж байна.1500 орчим хүнд 40 орчим тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Энэ асуудлуудаа Засгийн газар огт ярихгүй байна. Нарийн яривал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг цэгцлэх ёстой.
Д.Ганбат
-Төр засаг нь цомхон байх ёстой. Одоогийн төр засгийн данхайсан байдал хэтэрсэн, УИХ-ын гишүүдийн зүгээс ч хэлдэг байсан. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг их зөв цагт нь тодорхой гаргаж ирсэн. Техник технологи хөгжиж байгаа энэ үед орон тоог багасгах боломжтой. Төрийн албан хаагч нэрийн дор 208 мянган хүн сууж байна. Баялаг бүтээж, түүнийхээ үр шимийг ард түмэндээ хүртээдэг нийгэм рүү бид явж байгаа. Халамж хавтгайрч байна, баялаг бүтээдэггүй залуус их болсон байхад үүнийг нь өөгшүүлсэн, өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийг бий болгох ёстой.
Сү.Батболд
-Хэлбэрийн хувьд технологийн олон дэвшлийг ашиглаж байгаа нь зөв. Гэхдээ агуулга, хүрээ нь хэр зэрэг байгааг орхигдуулж болохгүй. Үе үеийн Засгийн газар энэ ажлыг эхлүүлсэн. Тухайлбал УБЕГ-ын шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэх, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ бүртгэх зэрэг ажлыг Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлсэн. Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн хөрөнгийн зах зээлд үндэсний болон төрийн өмчит компаниудаа оруулахаар эхлүүлсэн ажил өнөөдөр аль шатанд явж байна вэ. Өнөөдөр төрийн оролцоо бизнесийн салбарт хэт их байна. Үүний зааг ялгаа, хи хязгаарыг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхэн ухаалаг, нээлттэй төртэй болохын эхлэл юм.
Я.Содбаатар:
-Ухаалаг төр рүү шилжихийн тулд бид төрийн захиргааны шинэчлэлийг бүрэн хийх ёстой. Төрийн захиргааны шинэчлэл нь төрийн албаны үндсэн чиг үүрэг гэж юу байх, түүнийг нь дагасан бүтцийн зохион байгуулалтыг авч үзэх ёстой. Энэ удаагийн Засгийн газрын үед төрийн захиргааны бүтэц нэмэгдсэн. Данхайсан, үрэлгэн зардал ихтэй, орон тоо нэмэгдсэн байдалтай байгаа. Мөн агентлаг байсан газруудыг улсын төсөвт үйлдвэр болгож улсын төсвөөс санхүүжүүлсэн явдал. Үүнийг дагаж төсөвт зардал нэмэгдэж байгаа. Монгол Улсын төрийн яам, агентлагийн үндсэн чиг үүргүүдийг тодорхой болгох ёстой. Чадварлаг, цомхон төрийн албыг бэхжүүлэх ёстой. Мөн төрийн албаны хүнд сурталыг багасгах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан үдэсний зөвлөлдөх уулзалтыг дэмжиж байгаа. Энэ хүрээнд улс төрийн намууд санаачлагатай ажиллах ёстой. МАН-ын бүлэг ч ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.

Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлууд гол асуудал руугаа чиглэсэнгүй. Өнөөдөр хөрөнгө оруулалт тасалдлаа, төгрөгийн ханш уналаа, төсвөөс гадуурх зардал нэмэгдэж, төсвийн орлого олон их наяд төгрөгөөр тасарлаа. Энэ бүхэн төрийн алдаатай бодлого, ухаалаг бус алхам хийснээс болсон гэж дүгнэж байна.
Ийм цаг үед Засгийн газар, Ерөнхий сайд ухаалаг ажилламаар байна. Монголын төр ухаантай байх цаг болсон.
Боловролын салбар ухаалаг системд шилжинэ

Өнгөрсөн хугацаанд сурагч, оюутнууд зөвхөн диплом авахын төлөө явж байсан ч энэ салбарын бодлого дутуу дулимаг байсантай холбоотой. Өнөөдөр энэ байдлыг халж 30, 40 төрлийн хичээл үзэх биш тухайн сурагчид, оюутанд хэрэгтэй 10 хичээлийг чанартай заадаг болохоор ажиллаж байна. Үүнийг хийхийн тулд 2014 он гэхэд боловсролын салбар үндсэндээ ухаалаг системд шилжинэ. Өөрөөр хэлбэл нэгдсэн мэдээллийн, санхүүжилтийн системтэй болох юм.