
-Хянах самбар ажиллахгүй байгааг хэлж сануулж байх үүрэгтэй иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл өнөөдөр ямар байна вэ. Уг нь энэ иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл үндэсний зөвшилцлийн тулах цэг байх учиртай. Болж байгааг нь болж байна гэдгээр нь, болохгүй байгааг болохгүй байна гээд хэлээд өгдөг иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл байна уу-
Жил жилийн наадмын дараа шинэ аваргын тухай яриа сонин бөгөөд содхон байдаг. Тэгвэл сүүлийн хэд хоног Монголын нийгэм дээр дооргүй нэгэн яриаг шинэ соргог болгон ярьж байгаа нь “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих гаргалгаа. Энэхүү гаргалгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний зөвшилцлийн хэмжээнд гаргаж тавиад байна. Чухамдаа бидэнд юу саад болж байгааг улалзтал нь хэлж, хэдэн хүүхдийнхээ хонгон дээр жавтий хүртээлээ.
Харин хэдэн хүүхэд нь хэр зэрэг чих зөөлөнтэй байж, аавынхаа үгийг авах вэ гэдэг одоо анхаарал татаж байна. Яагаад гэвэл хоосон ярьж алга ташуулах нэг хэрэг, ярьснаа ажил болгож үр дүнг үзэх гэдэг амар биш. Өөрөөр хэлбэл, шоучин уу, аль эсвэл гүйцэтгэгч үү гэдгээ харуулах цаг Ерөнхийлөгчид ирлээ. Хуулийн дагуу хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлээд жил хүрээгүй байгаа Ц.Элбэгдоржийн хувьд дараагийн сонгуулийн амлалтаа бодон шоудах шаардлага байхгүй учраас ташуурдаад өгье гэсэн эрмэлзэл байна.
Ардчиллын замаар 20 жил замнаад ирсэн нийгэм маань бодит байдал дээрээ ямархуу завхарсан тогтолцоотой болсоныг, ард түмний нэр барьж идэж ууж байгааг, наанаа нэгийг хэлж, цаанаа өөрийг хийж байгааг ард түмэн харж залхаж байгаа учраас Ерөнхийлөгч ч мөн адил тэсвэр тэвчээрээ баржээ гэж ойлгож байна. Харин “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих зам амар байхгүй нь тодорхой. Үүнд, нийгмийн бүхий хүрээ давхарга, институтийн оролцоо байж хийгдэх зүйл. Тэр тусмаа жавтий хүртсэн хүмүүс нь бүгд эрх мэдлээ атгаад сууж байгаа нь итгэл алдрах, бүтэхгүй дээ гэх үгийг унагахад хүргэж байна. Нийгмийн хүсэн хүлээсэн огцом шинэчлэлтийг хийж чадах алтан боломж буюу төрийн бүхий л эрх мэдэл нэг улс төрийн хүчинд төвлөрөөд байгаа энэ үед дэмжин дуугарах ёстой төрийн эрх мэдэлтнүүдийн амнаас хайнга, хариуцлагагүй үг унаж байгаа нь санамсаргүй хэрэг үү. “За яах вэ ярьж л байг, ярих ёстой болоод л ярьж байгаа юм” гэсэн мессежийг тарааж яваа хүмүүс ч байна гэх юм. Үндэсний зөвшилцлийн эхний алхам нь эв нэгдэл байх ёстой биш гэж үү.
Хоёр дахь алхам бол хянах самбар ажиллахгүй байгааг хэлж сануулж байх үүрэгтэй иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл өнөөдөр ямар байна вэ. Уг нь энэ иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл үндэсний зөвшилцлийн тулах цэг байх учиртай. Болж байгааг нь болж байна гэдгээр нь, болохгүй байгааг болохгүй байна гээд хэлээд өгдөг иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл байна уу. Дийлэнх нь зарчмын мөн чанараасаа аль хэдийнэ хазайсан нь гашуун үнэн. Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд тараасан товхимолийг нь тоть шиг давтах биш, болохгүй байгаа зүйлийн учир шалтгаан, уялдаа холбоог гарган тавих иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл байж гэмээнэ хянах самбар ажиллах тэжээл нь болох юм.
Ерөнхийлөгч та шилжилтийн суурь үндэс болгон тодорхой хуулийн төслүүд санаачлахаа мэдэгдсэн. Хууль баталлаа гээд бугшсан бүх зүйл өргөс авах мэт алга болохгүй. “Сэрчихгүй бол сайхан зүүд байна”, “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй”, “Реалити шоу” хэмээн үндэсний зөвшилцлийг томъёолон дооёолох хүмүүст таны барих хариу ямар байх бол, Ерөнхийлөгчөө.