гуниг, баяр жаргал ээлжилсэн хүний хорвоо. Гунигтай дурсамж, жаргалтай
агшин. Тэр бүсгүй одоо ганцаардахаа больсон. Ээжийнхээ элгийг дэвтээж,
энгэрт нь зүүгдсэн бяцхан үрсэд нь эх орон, эвийлэн хайрлах элгэн түмэн
байдгийг мэдэрсэн болохоор тэр.
Дутуу орчлонгийн дундуурыг
нөхөж төрсөн дөрвөн бяцхан жаал. Дулаахан гэртээ зэрэгцээд унтаж байгаа
тэднийгээ хараад өхөөрдөх залуухан ээж. Унаж босч, уруудаж өгсдөг
тавилангийн нугачаанд сэтгэлийн урам, итгэлийн эхлэлийг өгсөн хүн бүхэнд
талархаж байгаагаа тэр бүсгүй дуулгасан.
“Амьдралдаа алдсан гэж
бодохгүй байна. Дөрвөн хүүхдийн ээж болж, тэднийхээ төлөө өөрийгөө
зориулах болсондоо л баяртай байна. Олны хүч оломгүй далай гэдэг
болохоор надад тусалж, дэмжиж, амьдрах итгэл, том зорилго хайрласан
Монгол ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэлээрээ тусалсан
ачийг нь итгэлээрээ хариулахыг хүсч байна. Ийм олон хүн тусалж, сэтгэл
санаа, түлэх түлш, идэх хоол гээд надад, дөрвөн охинд минь анхаарч
байхад би арчаатай амьдрах ёстой” гэж ярих энэ бүсгүйг Б.Эрдэнэсүрэн
гэдэг, 21 настай.
Энэ бүсгүйн амьдралын тухай бичсэн мэдээллийг
та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх. Тэднийг нэг өрөө байрандаа
таван жил үнэгүй суулгахаар болсон нэгэн залуугийн мэдээг олон хүн
уншсан байх. Н.Бат-Эрдэнэ гэдэг залуу гурван сартайгаас гурван нас
хүртэл дөрвөн хүүхэдтэй бүсгүйг арванхоёрдугаар сард шинээр ашиглалтад
орох нэг өрөө байрандаа таван жилийн турш суулгах болсон мэдээг сонссон
олон монгол хүнд зовсон цагт тулах ард түмэн байдгийг ойлгуулсан сайхан
мэдээ болж чадлаа.
Өдгөө 21 настай ч Б.Эрдэнэсүрэн дөрвөн
охиноо өөрөө ганцаараа өсгөж, торниулж байна. Өчигдөр
Б.Эрдэнэсүрэнгийнд очлоо. Гурван охин нь хоймрын орон дээрээ бөх гэгч
унтаж байна. Харин хоёр дахь нь болох Э.Амараа унтаагүй байсан учир энд,
тэнд гүйн ирсэн хүмүүсийн хайрыг татаж байна. Э.Амараа хоёр ойтой ч тун
хөдөлгөөнтэй. Бас маш хөөрхөн инээдэг гээч. Амьдрал хэрхэн өрнөж
байгааг мэдэхгүй зүгээр л хүүхэд зангаараа ээждээ эрхэлж байна.
Том
охин Э.Анир хоёр дүүгийнхээ хажуугаар бөхөө гэгч нь унтаж байна. Айлын
ууган охин Э.Анир одоо гурван настай. Ирээдүйд ээжтэйгээ хамт дүү нараа
асарна гэж бодоход дэндүү балчир мэт санагдана. Гэвч айлын ууган охин
учир ээжийн хамгийн шилдэг туслагч болох нь тодорхой. Харин бага охидыг
Э.Түмэнжаргал, Э.Эрдэнэжаргал гэдэг. Хүний орчлонд тун цөөн тохиодог
хувь тавилангаар Э.Түмэнжаргал, Э.Эрдэнэжаргал нар ихэр төржээ. Ердөө
гуравхан сартай.
-Хүнд хэцүү амьдралыг туулж байна гээд хайртай
хүүхдүүдээ орхилтой биш. Харин сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар
амьдралыг илүү хялбар, дөхөм болголоо. Мөн амьдрах зорилгыг минь
тодруулж, улам их эрч хүч хайрлалаа. Тусалж, дэмжсэн бүх хүнд баярлалаа.
Баярласан сэтгэлээ үгээр ч хэлж чадахгүй нь. Би хүнээс зүгээр бэлэг
сэлт авч, зүгээр суухыг хүсэхгүй байна. Охидоо хүний зэрэгт хүргэж,
хариу барих болно гэж Б.Эрдэнэсүрэн ярьж байна.
Б.Эрдэнэсүрэнгийн
талаарх мэдээлэл тармагц олон хүн туслахаар очжээ. Мөн хэвлэл,
фэйсбүүк, твиттерээр мэдээлэл цацагдахтай зэрэгцэн “Дөрвөн хүүхэдтэй, 21
настай. Биеэ үнэлэгч юм биш үү. Хүний байранд орчихоод арчаатайхан
амьдраарай” гэсэн үгнээс тэр бүсгүй ихэд эмзэглэснээ хэлж байв. Мөн нялх
үрсээ хар, цагаан хэл амнаас хол байлгахыг хүсэх эхийн сэтгэлээ ч тэр
нуусангүй. Гэхдээ танаар, танай ажлын хамт олноор дамжуулан бүгдэд
баярлалаа гэдгийг дахин хэлмээр байгаагаа хэллээ. Тэгээд бид цөөн хором
яриа өрнүүллээ.
-Нэг хэсэг амьдрахад үнэхээр хэцүү л байлаа.
Орох оронгүй болохоор энд, тэнд айлаар амьдарна. Одоо байгаа амьдралдаа
сэтгэл гутарна. Гэвч одоо амьдрах хүсэл, зорилго минь улам бүр
нэмэгдсэн. Миний дөрвөн үр хөөрхөн байгаа биз дээ. Бага хоёрын буянаар
гэр оронтой боллоо. Манай хоёр том Анир, Амараа хоёр их хөдөлгөөнтэй.
Зүгээр суулгахгүй шүү дээ. Сайн харж байхгүй бол энд л юм татчих гээд,
тэнд юм өөд авираад уначих гээд хөдөлгөөнтэй. Хоёр бага маань жаахан
ханиад хүрээд. Зарим хүмүүс намайг янз бүрээр хэлээд байхаар өдөртөө
гарч чадахгүй юм. Өчигдөр /XI.27/ бүр оройны 22:00 цаг болж байхад эмийн
сан явж, хүүхдүүддээ эм авчирлаа. Одоо хоёр том охиноо цэцэрлэгт
явуулчихаад, хоёр багын ханиад намжаачихвал болох нь тэр.
-Одоо
ч цэцэрлэг олдоход хэцүү болсон. Ядаж байхад цэцэрлэгүүд ачааллаа
дийлэхгүй байгаа гээд авахгүй байх даа. Цэцэрлэгүүдээр явж үзэв үү?
-Цэцэрлэгүүдээр явж амжаагүй. Одоо л нэг төвхнөж байна. Өөрийн гэсэн гэр оронтой болсон хойно учир нь олдох байлгүй дээ.
-Таныг байрандаа суулгахаар болсон Бат-Эрдэнийг таньдаг уу?
-Үгүй
танихгүй. Тэр ах өөрөө л сайхан сэтгэлээр тусалъя гэсэн. Санаа зовоод л
байна. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсээс зүгээр юм аваад байхаар заримдаа
эвгүй санагдах юм. Одоохондоо баярлалаа гэдгээс өөр үг хэлж чадахгүй
байна. Гэхдээ би залуу хүн, дээд сургуульд сурч, боловсролтой болоод
дөрвөн охиныхоо төлөө амь, амьдралаа зориулах болно.
Бид
Б.Эрдэнэсүрэнгийнд очсоныхоо дараа Бат-Эрдэнэ гэдэг залуутай холбогдох
гээд чадсангүй. Аргагүй биз дээ. Тэрээр сайхан сэтгэлээр тусалъя гэсэн
болохоос хүний хүнд хэцүү амьдралаар “шоу” хийхийг хүсээгүй биз.
Хүн
болж хорвоод мэндэлнэ гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил
ховор аз завшаанд тооцдог. Хүүхдээ гудамжинд хаяад явдаг “бөх зүрх” ээж
энэ хорвоод бий. Харин Б.Эрдэнэсүрэн амьдралын нугачаанд хатуу бэрхийг
туулсан ч хүүхдүүдээ орхисонгүй. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хайраар
Б.Эрдэнэсүрэнгийнх гэдэг айл бялхаж байна.
Амьдралын хатууг
даван туулах урам зориг хайрласан хүн бүрт баярласнаа илэрхийлж байсныг
дахин уламжилъя. Монголчууд бидний зочломтгой, сайхан сэтгэл дундраагүй.
Дундрах ч учиргүй. Харин болж, бүтэж буй бүхнийг хараар буддаг хүмүүс
нийгэмд бий болчихсон мэт. Өнөөдөр чи уйлж байвч, инээх нэг өдөр ирнэ
гэдэг энэ билээ.