Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Улстөрд юу өрнөх вэ?

Мэдээж даваа гаригт тогтсон ёсоор бүлгийн хуралдаан болно. Бүлгүүдээр авч хэлэлцэж магадгүй анхаарал татсан асуудал нь Увсын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал. Увс аймгийн Тариалан сумын иргэд СЕХ-нд шаардлага хүргүүлж, хуулийг ноцтой зөрчин мөнгө тараан сонгогдсон гэдгийг шүүхээр тогтоочихоод байхад хууль сахиулахгүй байгааг эсэргүүцэн даруй арга хэмжээ авахыг шаардсан юм. Энэ нь өмнө нь өөрсдийнхөө гишүүдийг хаацайлж байсан МАН хийгээд эрх баригчдыг асуудлыг хэлэлцэхэд хүргэх бололтой.

Харин өөр нэгэн анхаарал татсан зүйл гэвэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ирэх долоо хоногийн Лхагва гарагт болох нь. Араасаа олон арван асуудал дагуулсан энэ хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан иргэний хөдөлгөөнийхөн Төрийн ордны хашаанд буу барин тэмцэхэд хүрч түүнээсээ болоод эрүүгийн хэрэгт холбогдчихсон яваа.

Харин байнгын хорооны хуралдаануудаас  арванхоёрдугаар сарын 3-ны мягмар гаригт болох Аюулгүй байдал гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд анхаарал татаж байна. Гишгэх газаргүй болтлоо чихцэлдсэн хотын ирээдүйн хөгжил бусад олон асуудлыг Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цэгцлэхээр төлөвлөж байна. Харин хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол энэ гэмт хэрэг байхгүй шахуу байхад батласан өмнөх хууль өнөөгийн хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учруулж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

Үүнд,

  • Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Мөрдөх албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж