ТҮЦ машин нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

ТҮЦ машин нээлтээ хийлээ

Иргэд дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж Өмнөговь аймагт нээгдлээ. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээний цахим машин энэ долоо хоногт ашиглалтанд орсон байна. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхамаар урагшилж байгаа юм.  

Шинэчлэлийн засгийн газраас  хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн  технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас ТҮЦ машиныг бүх аймаг суурилуулж эхэлжээ. Өмнөговь аймаг дахь ТҮЦ машины албан ёсны нээлт энэ долоо хоногт болж иргэд “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” авах боломжтой боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Д.Улам-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцсон.

ТҮЦ машинаас  эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. ТҮЦ машиныг ашиглан үзэгч та яам агентлагуудад санал хүсэлтээ илэрхийлэх боломж нь ч бас нээлттэй. Гэхдээ санал хүсэлт илэрхийлэхээс бусад үйлчилгээ төлбөртэй, тухайлбал оршин суугаа хаягийн тодорхойлолт авахад 500 төгрөг, бусад төрлийн лавлагаа авахад 1000 төгрөгийн үйлчилгээний хураамж төлнө. 

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй юм. Өмнөговь аймаг дахь ТҮЦ машин Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК буюу бидний хэлж заншсанаар Холбооны газрын 1 давхарт байрлаж байна.

С.НОМИН




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж