Арлуудыг тойрсон асуудал 70 гаруй жилийн турш намжмал байж байгаад өнгөрсөн 2010 оноос эхлэн хүчээ авсан юм. 2010 онд загас агнуурын зорилгоор зорчиж байсан Хятадын хэсэг хүмүүсийг Япон улсын эргийн хамгаалалтын газрынхан илрүүлж тухайн үедээ маргаан дэгдээж байсан юм. Үүнийг Хятадын талаас ноцтой эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлж, Япон-Хятадын харилцаанд томоохон сэв суусан үйлдэл болсон билээ. Өнгөрсөн онд Хятад үүнээс гадна олон улстай арлын маргаантай байсан хэдий ч Японтой маргаад амжсан. Учир нь энэ бол аль, аль талийнх нь хувьд ашиг дагуулах арал байсан учраас тэр. Түүхийн асар урт хугацааны туршид энэ хоёр улсын дунд хэрүүлийн алим байсан газар бол энэ арал. Хоёр улс хоёулаа хэн, хэндээ алдахыг хүсдэггүй. Өнгөрсөн жилээс хойш ийнхүү яг жилийн дараа дахин асуудал дэгдлээ. Хятадын талынхан цэргийнхээ тоо, хамгаалалтыг нэмсэн. Энэ бол өчигдөрөөс эхэлсэн үйл явдал. Япон ч зүгээр суухгүй нь тодорхой. Хятад чухам яагаад цэрэг, хүчнийхээ тоог нэмсэн бэ, гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Эхний өнцөг: Байрлал
1932 онд хувьчлагдсан эдгээр арлыг Япон засгийн газар 2012 оны есдүгээр сард хоёр тэрбум 50 сая иенээр “худалдан авах”-аар эзэмшигчтэй нь тохиролцсон байна. Хэдийгээр энэ мэдээлэл эхэндээ таамаг төдий байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэн болох нь батлагдсан юм. Энэ жижигхэн арал юунаас болж хоёр улсын шүлсийг гоожуулж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. Загас агнуурын гол түшиц газар бол яах аргагүй энэ арал. Басхүү арлын доор газрын тосны томоохон бүлэг орд нээгдсэн. Далайн түрлэг ихтэй учраас байгалийн хийн нөөцтэй байж болох талтай. Арал орших далайн гүнд шүрэн судал олдсон нь саяханы судалгааны үр дүн. Тийм ч учраас 2000 жилийн туршид энэ хоёр улс өөрсдийнх гэж маргасаар ирсэн нь үүнтэй холбоотой байж болох юм. Байрлалын хувьд яаж ч хуваасан аль, аль нь хоёр улсын талд багтдаг учир хэзээ ч дуусахгүй маргааныг татаж орхижээ.
Японы шинээр сонгогдсон ерөнхий сайд Шинзо Абегийн гадаад харилцааны гол платформоор энэ арлыг нэрлэсэн нь бий. Зөвхөн үүнтэй хамааруулж Хятад улстай харилцах дипломат харилцааны хүрээллийг тогтоожээ. Тийм ч учраас энэ арлын тухай аль болох бага ярих сонирхолтой байсан. Харин шинээр сонгогдоод нэг жил гаруйн нүүрийг үзэх гэж буй Хятадын талынхан энэ асуудлыг бас л олон нийтэд дэлгээгүй. Гэсэн хэдий ч өчигдөр цэргийн хүчээ болон хамгаалах усан онгоцны тоогоо нэмлээ. Яг одоо Японы засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байгаа. Окинава хотод маш том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа гэсэн мэдээлэл бий.
Жич: 2000-2012 оны хооронд Япон улсын дотоод хэргийн яам Минани Кожим, Кита Кожима, Уоцури нэртэй гурван хэсэг арлыг Курихарагийн гэр бүлд жилийн 25 сая иенээр хөлслүүлэх шийдвэр гаргасан нь Хятадын талын дургүйцэж байсан үйлдлүүдийн нэг.
Дараагийн өнцөг: Тохиролцоо
1950, 1965, 1970-аад оны дунд үед их гүрнүүдийн оролцоотойгоор тохиролцоонд хүрэх талаар ярилцаж байлаа. Гэхдээ Япон, Хятадын аль, аль нь бууж өгөхийг хүсээгүй юм. Тэд 1962 онд энхийн хэлэлцээр байгуулж, маргааныг хөшигний цаана оруулж чадсан билээ. Гэхдээ олон зууны туршид асуудал дагуулсаар ирсэн арлын маргааныг дарахад энэ хангалттай байгаагүй юм. Хятадын геополитикийн шинжээчид 30 жилийн хугацаатай өөр хоорондоо түрээслэх нь илүү зөв сонголт гэж үздэг ч удирдлагуудад нь энэ шийдвэр таалагддаггүй. Харин Японы тал аль болох өөрсдийнхөө талд 100 хувь шилжүүлэхийг хүсдэг. Учир нь дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дуусаад байхад, түүнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд засаг төрийн бодлого зөвхөн энэ арал руу чиглэгдэж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Хятад оронд арал руу анхаарлаа хандуулах зав байгаагүй юм. Учир нь Хятад улс дотооддоо сэргээн босгох, соёлын бодлогоо мандуулах, социализмыг бадраах их ажилтай байлаа. Харин 1970-аад оны сүүлээс эхлэн энэ арлын асуудал луугийн орны хараанд нэгэнт өртөж эхэлжээ.
Гадныхны өнцөг: Хэлэлцээ
Хамгийн сүүлд 1953 онд хэлэлцээ хийснээс хойш албан ёсны хэлэлцээ энэ хугацаанд хийгээгүй байна. Харин засгийн газар хоорондын тохиролцоо гэж бий. Хэрвээ хоёр орны талаас загас агнуурын болоод цэргийн зориулалттай онгоц явуулахаар бол заавал хоёр тал өөрсдийн элчин сайдын яамаараа дамжуулан мэдэгдэх ёстой. Харин үндэсний ямар нэгэн үзэл гаргасан тохиолдолд хоёр талын хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үздэг байна. НҮБ-аас энэ асуудалд эмзэглэж буйгаа өчигдөрийн үйлдлийн дараа мэдэгдсэн. Хэрвээ арлын маргаан даамжрах юм бол азийн бүс нутагт маш томоохон асуудал дэгдэх нь гарцаагүй. НҮБ хоёр талыг хэлэлцээрт уриалан дуудаж, Европийн аль нэгэн улсад хэлэлцээ хийлгэхийг зорьж буй. Өнгөрсөн жил АНУ болоод Их Британиар зуучлуулах гэж хичээсэн ч хоёр талын аль, аль нь хүлээж аваагүй. Харин батлан хамгаалах яам болон далайн захиргааны байгууллагуудаар дамжуулан маргаанаа түр хугацаанд намдааж чадсан билээ. Энэ удаад НҮБ бас л ийм байр суурин дээр байгаа. Харин хоёр тал хүлээж авах нь юу л бол.
Эдийн засгийн өнцөг: Уналт, уналт
Япон-Хятадын арлын маргаан хоёр орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. Японы эдийн засаг Хятадын зах зээлээс хамааралтай учир маргаанаас болж их хэмжээний алдагдалд орох төлөвтэй юм. 2001 онд Япон улсын нийт экспортын 7,7 хувь Хятадад ногдож байсан бол энэ үзүүлэлт 2011 онд 20 болтлоо өссөн билээ. Мөн Хятадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 201 онд нэг их наяд иен болсон нь өмнөх оныхоос 60 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Хятадын хувьд нэг их хохирол амсахгүй мэт харагдаж буй ч Японы гаргах сөрөг пиар мэдээлэл гадаад зах зээл дээрх Хятадын нэр хүндийг унагаах өндөр магадлалтай байгаа юм. Учир нь 1960 онд байгуулагдсан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээгээр АНУ-ын хүлээх үүрэг нь Японы талд туслах. Мэдээж цэргийн хүчээр учиргүй туслаад байхгүй ч эдийн засгийн тал дээр АНУ тоглолт хийгээд эхэлбэл Хятадад ашигтай байхгүй нь тодорхой.
Өөр өнцөг: Хэрвээ…
Энэ бол болох ёсгүй өнцөг. Цэргийн мөргөлдөө гараад эхэлбэл яах вэ? Хэдийгээр энэ үйл явдал болох магадлал тун өндөрч АНУ болоод бусад улсууд болзошгүй аюулаас эмээж байгаа. Хэрэв маргаан цаашид улам даамжрах юм бол “наран” улсад сөргөөр нөлөөлж болзошгүй. “Зэвсэгт мөргөлдөөн гарвал АНУ-ын цэрэг оролцохгүй байлаа ч япончууд давуу талтай байж болох юм. Дайн болох магадлал бага ч Хятадын Ардын Чөлөөлөх Арми Сэнкакү арал руу хөлөг онгоц, цэрэг илгээхгүй гэх баталгаа алга. Хэрэв мөргөлдөөн болбол АНУ, Японыг дэмжих төлөвтэй. Гэхдээ асуудал бидэнтэй, бидэнгүй шийдэгдэж болох л юм. Далайд пуужин харвах төхөөрөмж, усан онгоцын байрлалыг тактикын өндөр төвшинд байрлуулж чадвал Японы тал далайн тулаанд ялж ч мэднэ” гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургуулийн профессор Жеймс Холмс ярьжээ.
АНУ энэхүү маргаанд Японыг дэмжиин оролцох гол шалтгаан нь хоёр улсын хооронд 1960 онд байгуулагдсан гэрээ. “Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээ” гээр ийм үүрэг хүлээсэн байдаг билээ.
Ер нь бол ийм зүйл магадлал тун бага. Бүр маш бага гэж хэлэхэд болно. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль, аль нь цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийг хангалттай сайнаар байрлуулж, хоёр тал ч нэг, нэгэндээ эсэргүүцлийн үгс чулуудсан хэвээр байгаа билээ. Абе, Зинь Пин нар ирээдүйн эрсдэлээ бодох нь гарцаагүй. Тиймээс цэргийн хүчээ байн, байн нэмж байгаа нь хоёр тал цэргийн хүчээ үзүүлэх, нэгэн тоглолт байгаа нь гарцаагүй билээ.
Жич: АНУ 1960 оны есдүгээр сарын 19-ний өдөр Япон улстай Хамтын ажиллагаа аюулгүй байдлын гэрээг байгуулсан. Гэрээний тавдугаар зүйлд Талууд Японы нутаг дэвсгэрт лаь нэг талын эсрэг зэвсэгт халдлага, заналхийлэл, энхтайван, аюулгүй байдалд аюул учирж байна гэж үзвэл үндсэн хууль, бусд хуулийн дагуу аюулын эсрэг хамтын арга хэмжээ авахаа зарлана. Ийм нөхцөлд явуулсан байлдааны ажиллагаа, бусад бүх арга хэмжээний талаар НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлин дагуу аюлугүйн зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ. АНУ гэрээ ёсоор Японы аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, Япон улс түүний хариуд АНУ-ын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, цэргийн баазыг нь нутаг дэвсгэртээ байрлуулах үүрэгтэй гэж заасан нь бий.