
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө Монголын нийгэмд бугшаад байгаа бүх зүйл,
Монгол төрийн үнэн төрх, хөгжил дэвшилд юу саад болоод байгааг хэллээ.
Засч, залруулах арга замын талаар саналаа өргөж. Өөрөөр хэлбэл, цаашид
яах вэ гэдэг дээр ярилцъя, шийдье, одоо цаг нь болсон хэмээн уриалсан
гэж ойлгож байна. “Том төрөөс Ухаалаг төр рүү” гэж өнгөц харахад
явцуудуу юм шиг боловч өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг эхлүүлэв. МАН-ын
27-р их хурлын дараа тус намын дарга М.Энхболд ч Үндэсний зөвшилцлийг
санаачилсан. Харамсалтай нь эрх баригчид хийгээд бусад улс төрийн хүрээ,
олон нийт, хэвлэл мэдээлэл төдийлөн барьж авч, юм болгосонгүй. Үнэндээ
Монгол нэг л болохгүй байгаа, гацсан, нэг хэсэг нь олигархжин, баян
хоосны ялгаа хэт холдож, товчхондоо буруу замаар будаа тээж эхэлснийг
хэн хүнгүй ярьж, хэлэлцэж, уурлаж, бухимдаж бүр цөхөрч яваа нь үнэн.
Баян орон, цөөн хүн ам, бий болгосон ардчилал ийм Монголыг хүсээгүй гэж
өдгөө хүн бүр шогширч байна. Тэгээд хувь заяатайгаа эвлэрэх эсвэл зөнд
нь орхих улс биш учраас нэг л өглөө нар мандана хэмээн тэвчиж, хүлээж
буй. Тэр нарыг хэн мандуулах вэ?
Эрх мэдэлтнүүд хийнэ. Жирийн
ард түмэн биш. Учир нь, тэдэнд эрх мэдэл байхгүй. Үүнийг мэддэг
болохоороо Ц.Элбэгдорж санаачилж. Тэгээд ганцаараа хийж чадахгүйгээ
мэдээд шууд хэвлэлээр зарласан байж ч мэднэ. Яагаад гээч, яагаад гэвэл
түүний уриалсан шилэн данстай болохыг, төрийг чадваржуулах, тендерийн
байгууллагыг хувьчлах, шийдвэр ил тод байхыг, захиргааны бүтцийг
шинэчлэхийг, намжихаа болихыг, хянах самбар, хариуцлагын тогтолцоог бий
болгохыг, хувьчлахыг, нийтийн өмч, нэг ч зөвлөхгүй байхыг хэн ч
хүсэхгүй. Өнгөлөн далдалж өдий хүрч тогтсон системийг хэн ч хэзээ ч
өөрчлөхийг хүсдэггүй бөгөөд тийм оролдлого хийсэн хааныг хорлож, дарга
сайдыг буулгаж, шийтгэлийг “ханатал нь” заримдаа хэдэн үеэр нь өгдөг нь
олон зуун жилд, нийгмийн бүх тогтолцоонд, улс улсын түүхнээ буй. Тэхээр
яах вэ?
Ямар ч байсан өөрчлөхдөө өөрчилж, хийхдээ хийнэ.
Тэгэхгүй бол буруудсан зүйл нэг л өдөр мухардалд хүрч, эцсийн зогсоол нь
иргэний дайн болдоггүй л юм бол. Би Ерөнхийлөгчийг магтах гээд
түүнийг хүний хэлдэггүйг хэлээд хэлмэгдэх гээд байна энтэр гэсэн юм огт
алга. Зүгээр л тэр үнэнийг хэлсэн болохоор. Чухамдаа хэлэх ёстой хүн нь,
хэлэх ёстой үгийг хэлсэн болохоор иргэнийхээ хувьд дэмжээд яавал ажил
хэрэг болох вэ гэдэг дээр Монгол хүн бүр анхаарч, ахуйгаа түр хойш
тавьж, иргэний ухамсар гаргаасай, дэмжээсэй санал бодлоо хэлээсэй гэж
олны анхаарлыг хандуулахыг хүсч байна.
1990 онд төрсөн хүүхдүүд
одоо нас биед хүрлээ. Тэдэнд шинэ гэр барьж өгье гэсэн санааг дэмжихгүй,
Элбэгдоржийн ээлжит шоу гэж хэлэх эцэг, эх хүн байхгүй гэж найдъя. Учир
нь, 90 оны хүүхдүүд одоо 20 гарч, улс орондоо ажиллаж, амьдралаа эхлэх
гэж байгаа нь үнэн биздээ. Хиргүй тунгалаг тэдэнд авлигажсан улс,
төрөлжсөн төр, эрх мэдэлгүй орон нутаг, үйлдвэрлэлгүй хот гээд
болохгүй бүтэхгүй, шударга бус болгоныг хүлээлгэн өгөх гэж үү. Хэтэрхий
харгис болно биз.
Бүтэхгүй гэмээр нэг санаа: Монголын бүх
Ерөнхийлөгч байсан хүмүүс нэгдээсэй. Зарим уншигч намайг шоолоод, хөх
инээж байгаа биз. Гэхдээ монголчууд сайнаар хэлбэл төрөө дээдэлсэн
муугаар бол даргад дуртай улс. Үнэндээ П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр
одоогийн Ц.Элбэгдорж бүгд өөр өөрийн өнгө будаг, үнэлэмжээ үлдээсэн
улс. Саараасаа сайн нэр, олон түмнийхээ хайрыг татсан улс. Хөх инээд нь
хүрч буй улс эксүүдийг бүгд Монголын энэ бүх муу муухайтай хутгалдсан,
загалмайлсан гэх мэтээр хэлнэ биз. Тэглээ ч гэсэн тэдний нэр хүнд, сайн
талыг нь өнгөлөөд нийгмийг уриалъя. Хамгийн гол нь тэдэнд муухай
болгосон зүйлээ засч, залруулах боломж олгоё. Одоо экс учраас алдах юм
байхгүй шүү дээ. Эрх мэдэл, алдах албан тушаал алга. Харин Монголд төлөх
өр байж мэдэх учраас түүнийг төлүүлье.
Үнэн хүсэл байвал
болохгүй юм байхгүй, шат дараатай, сайн төлөвлөгөөтөй, зөв хамгийн гол
нь олонтойгоо байвал болно доо гэдэг шиг Ерөнхийлөгч Элбэгдорж “одоо
надад алдах байхгүй, хийхээ хийнэ” гэсэн үгэндээ хүрнэ гэж найдъя. Зөв
зүйлд дэмжлэг нөмрөөд ирнэ. Бас Батзандангийн ах нар, тогтсон систем
гээд саад тотгор их бий. Гэхдээ монгол хүн хүүхдэдээ хайртай учраас
хуулийн засаглалтай, шинэчлэгдсэн төртэй, аюулгүй орчинтой шинэ Монголын
төлөө хүн бүр хүчин зүтгэнэ.