Орон нутгийнхаа бодлого шийдвэр гаргадаг, түүний хэрэгжилтэнд хяналт тавьдаг албан тушаалтнууд бол ИТХ байдаг. Олон нийтийн төлөөллөөс бүрдэж, ардчиллын мөн чанарыг хадгалдаг боловч дотоод үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх тал дээр дутмаг байдаг учраас энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан гэж албаны хүмүүс хэлж байна.
Сумдууд бие биенээсээ харилцан туршлага солилцож Төлөөлөгчдийн чадавхи сайжирна, тэдний чадвар сайжирсанаар сумдын ИТХ сайжирна, ингэснээр орон нутгийн бодлого шийдвэрт оролцох оролцоонд ахиц дэвшил гарна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар НӨУЁБ-ын үйл ажиллагаа болон өөрийн ИТХ-ын төлөөлөгчид, нутаг орноос гарч байгаа шийдвэр журам, хөтөлбөр бодлогыг танилцуулсан нь гол онцлог байсан юм. Гурвантэс сум иргэдээ сонсох утас ажиллуулж байгаа, Сэврэй сум иргэддээ нээлттэйгээр хурлаа зохион байгуулдаг, Цогтцэций сум Иргэний танхим ажиллуулж байгаа гээд сумдууд бие биенээсээ суралцах олон жишиг энд байлаа.
Нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцсон. Энэ дөрвөн жилд ард иргэдийн дуу хоолой болж орон нутгийн эрхийг хэрэгжүүлэх сумдын ИТХ-ын дарга, мөн ажлын албаны дарга нар туршлага солилцож санал бодлоо хуваалцлаа. Мөн өдөрлөгт АИТХ-ын даргын дэргэдэх Аймгийн Улаан загалмайн хороо, аймгийн Статистикийн хэлтэс үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм.