
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Сүхбаатарын талбайд үргэлжлүүлж байсан Их хуралдайг ийн танхимд хийсэн байна. Өнөөдрийн хуралдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, үг хэлснээрээ онцлог байв. Их хуралдайг зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хэлснээр цаг агаар хүйтэн сэрүүн байгаа тул маргааш хөдөлгөөний гишүүдээ амраагаад ирэх даваа гаригаас Их хуралдайг Сүхбаатарын талбайд үргэлжлүүлэхээр болжээ.
Тэрбээр мөн “Өнөөдрийн ярилцсан гол сэдэв нь Их хуралдайгаас баталсан 3-р тогтоолын эргэн тойрон дахь асуудал байсан бөгөөд цаашид тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллах, Удирдах зөвлөл үүнд анхаарлаа хандуулах талаар хэлэлцсэн” гэв. “Эх орон-Тусгаар тогтнол- Шударга ёс” хөдөлгөөнийхөн III тогтоолыг МҮОНРТ-ээр дамжуулж, олон нийтэд мэдээлэхгүй байна гэдэг гомдлоо ирэх даваа гаригаас холбогдох хүмүүст дахин тавих бололтой.
Их хуралдайд оролцохоор орон нутгаас ирсэн гишүүдийн зарим нь орон нутагтаа буцсан талаар зохион байгуулагчид мэдээллээ.