
Үл хөдлөх хөрөнгө зуучлал нь анхдагч болон хоёрдогч зах зээл гэсэн хоёр үндсэн төрөлтэй ажээ. Анхдагч зах зээл нь барилгын компанитай шууд хамтран ажилладаг бол хоёрдогч зах зээлээр хуучин үл хөдлөх хөрөнгө авах, зарах, түрээслүүлэхэд зуучилдаг байна. Одоогийн байдлаар уг салбарт 64 компани үйл ажиллагаа явуулж буй. Үүний 19 нь анхдагч зах зээлд, 31 компани хоёрдагч зах зээлд ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл анх барилгын салбар үүсч эхэлснээс хойш тодорхой хэмжээгээр холбогдон, одоо тусдаа зах зээл болох хүртлээ хөгжиж чаджээ. Энэ салбар одоо зохион байгуулалт муутай, зах зээлийн сегментчлэл тодорхой бус, барилгын салбартай нягт уялдаа холбоотой учраас барилгын компаниудын өрсөлдөх чадвар муу, барилгын материалын импортоос хамааралтай байна. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын тухай нэгдсэн бодлого, хууль байдаггүй бөгөөд зөвхөн Иргэний тухай хуулинд ерөнхий байдлаар тусгаснаар зохицуулагдаж буй ажээ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татдаг энэ зах зээлийг цаашид хөгжүүлэхийн тулд тодорхой бодлого, хууль эрх зүйн орчин шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон юм.
У.БОЛОР