Тамхи ер нь хортой юу. Энэ асуултад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас илүү сайн хариулж чадах хүн нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг. Хувьдаа эмийн үйлдвэртэйдээ бус, тамхинаас гаргах наалт зардаг энэ тэртэй нь ч огт холбоогүй. Зүгээр л Тамхины хяналтын тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсан хүн бол гишүүн Л.Эрдэнэчимэг. Энэ төслийн ажлын хэсгийг ахалж байгаад л засгаас өргөн барьсан төслийг хууль болтол нь гүйсэн хүн бол яах аргагүй тэр.
Энэ агуулгаар нь бодсон ч, УИХ-д хийж байсан тайлбаруудыг нь санасан ч Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхи ер нь хортой юу” гэсэн асуултад хамгийн сайн хариулна. Тэр тусмаа тамхичин хүн яаж эрүүл мэндээрээ хохирч байгааг, дам тамхидалт буюу бусдын татсан тамхины утаа түүнээс илүү хор уршигтайг Л.Эрдэнэчимэг л бусад 75 гишүүндээ ойлгуулсан. Хамгийн харамсалтай нь, батлуулаад жил ч болоогүй хуулийнхаа эсрэг Л.Эрдэнэчимэг гишүүн ярьж яваад л учир байна.
Эрхэм гишүүн Тамхины хяналтын тухай хуулиа эрс эсэргүүцсэн талаар энд өгүүлэх гэсэнгүй. Угаасаа тэр тэгээгүй. Харин батлуулсан хуулийнхаа үзэл санаанаас өөрийг яриад яваад л учир байна. Тамхи татсандаа бус, ердөө л бусдын татсан тамхины утаанд хүмүүс яаж хорддог талаар Л.Эрдэнэчимэг гишүүн цагтаа ярьж явлаа. Харин уржигдар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр түүхий нүүрс шатаасан зуухны яндангаас гарч байгаа утаа тамхины утаанаас хоргүй гэх утгагүй үгийг тэрээр хэлчихэв. Хэдийгээр Л.Эрдэнэчимэг гишүүний утааг хортой, хоргүйгээр нь ангилсныг УИХ-ын бусад гишүүн инээд наргиан болгоод өнгөрсөн ч үнэндээ хувь улстөрчийнх цаад төрх нийгэмд ил болов. Засагтаа тал засах гэж л тэрээр амны алдаа гаргасан байж ч болох юм.
Түүнийхээр бол түүхий нүүрс шатаасан зуухны яндангаас гарч байгаа утаа ганц л тохиолдолд “хоргүй” болж байгаа аж. Тэр нь юу гэхээр Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга байгаа учраас яндангийн зарим утаа заавал хоргүй байх ёстой бололтой. Өөрөөр хэлбэл, тэрээр хариуцаж байгаа ажлыг нь УИХ дүгнэх болохоор утааг хүртэл “Хортой, хоргүй” хэмээн ялгалаа. Ер нь яаж ч бодсон түүхий нүүрс шатаасан яндангаас гарч байгаа утаа хоргүй байна гэж байх уу. Үнэхээр хоргүй бол тамхины утаа ч хоргүй болох биз. Хэрвээ тамхины утаа хоргүй бол Тамхины хяналтын тухай хуулийн хэрэг гэж байна уу.
За энэ олон асуулт яахав. Хотын агаарын бохирдол, утааны хэмжээ өсөх тусам Л.Эрдэнэчимэг гишүүн эсрэгээр “утаа хоргүй” гээд хэлээд явж чадах нь л тодорхой боллоо. Яагаад гэвэл, түүнд энэ ажлыг хариуцуулсан. Хариуцсан ажлаа үр дүнтэй харагдуулахын тулд яндангийн утааг хүртэл “Хоргүй” гэж хэлж чадаж байна шүү дээ. Яг л өнгөрсөн жил утаанд зарцуулсан улсын төсвийн мөнгийг үр дүнтэй харагдуулах гэж зарим улстөрч “Манай гудамжинд утаа багассан” гэж PR-дуулж байсан шиг юм боллоо доо.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
Холбоотой мэдээ