
Монгол Улсад сүрьеэ, уушигны өвчний тархалтыг бууруулах, уушигны өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх үйлчилгээ тусламжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба Улаанбаатар хот болон 21 аймагт салбартай, 300 гаруй эрүүл мэндийн сайн дурын ажилтан, 400 гаруй гишүүнтэй.
МСТН нь Мянганы Хөгжлийн зорилт болон Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дотоодын болон гадны төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, сайн дурын үйл ажиллагаа, зан үйлийг өөрчлөх, мэдлэг ур чадварыг сайжруулах, мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагааг зорилтот бүлэг, нийт хүн амын дунд тасралтгүй явуулснаар Монгол Улсад сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
МСТН-ын Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэрийг үнэлж 2011 онд ЭМЯ-ны “Хүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлсэн байгууллагаар” шалгарсан амжилттайгаар 20 жилтэйгээ золгож байна.
Монголын өнцөг булан бүрт ажиллаж байгаа Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн ажилтнууд, энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон, сайн дурын идэвхтэнүүд, гишүүд, үйлчлүүлэгч, нийт иргэддээ Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг үүсгэн байгуулагдагсны 20 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.