Н.Алтанхуяг: Засгийн газар УИХ-ыг үл тоогоогүй

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Засгийн газар УИХ-ыг үл тоогоогүй

“Ерөнхий сайд-30 минут” уулзалт өчигдөр боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар юу хийсэн талаар танилцуулаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-“УИХ-ын шийдвэрийг үл тоон Засгийн газар бонд гаргах гэж байна” гэдэг шүүмжлэлд та юу гэж хариулах вэ?

-Засгийн газар УИХ-ыг тоохгүй ажиллана гэж байхгүй. Ер нь бол УИХ зөрчилтэй хоёр асуудал баталчихсан байгаа юм. Нэгдүгээрт УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд босгох зөвшөөрөл өгсөн. Бид үүнээс 1.5 тэрбум ам.долларын бондыг нь гаргасан. Одоо бидэнд 3.5 тэрбум ам.долларын бонд босгох эрх үлдсэн. Энэ хүрээндээ бонд гаргах уу гэхээр “Дотоодын нийт бүтээгдэхүүний өр, зээлийн эзлэх хувь хэмжээ их болчихоод байна” гэсэн яриа гараад байна. Улсын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэх хэмжээнд байж болно гэдгийг хуулиар баталчихвал бид бондоо борлуулчихна.

-Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газар саад болсон гэдэг шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар хийсэн ажил байгаа. Улаанбаатар хотын 180 орчим мянган өрхөөс 140 мянга гаруйд нь бүрэн шаталттай зуух нийлүүлсэн. Гэхдээ иргэдийн зуухыг сольсоноор агаарын бохирдол арилахгүй. Агаарын бохирдол түүхий нүүрснээс л үүдэлтэй. Хагас коксжсон нүүрс иргэддээ түлүүлэхийн тулд өмнөх Засгийн газрын үед 17 тэрбум төгрөг гаргаж байсан ч амжилтгүй болсон. Бид одоо энэхүү ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Гурван жилийн дотор утаа арилахгүй бол надтай яриарай.

-“Эрдэнэс тавантолгой” ХХК “Чалко” компанид төлөх өрөө энэ жилдээ багтааж дуусахгүй нь гэдэг үнэн үү?

-“Эрдэнэс тавантолгой” ХХК “Чалко” компанийн өрөнд өгөх ёстой нүүрсээ бүгдийг нь олборлочихсон. Богино хугацаанд их хэмжээний нүүрс гаргана гэдэг хүндрэлтэй юм билээ. Одоо “Чалко” компани үүнийгээ тээвэрлэж авах асуудал л үлдээд байгаа. Тиймээс энэхүү тээвэрлэлтийн асуудал л он дамжиж магадгүй.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж