НИТХ дахь МАН-ын бүлэг амаа үдүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

НИТХ дахь МАН-ын бүлэг амаа үдүүллээ

НИТХ дахь МАН-ын бүлэг Ардчилсан намтай нэг­дэж, улс төрийн тоглолт хийх болсон тухай яриа сүүлийн үед улстөрчдийн дунд идэвхитэй өрнөх болсон. Үүнийг нь батлах мэт үйл явдал өчигдөр Нийс­лэлийн Иргэдийн тө­лөө­лөгчдийн хурлын хурал­дааны үеэр болж, “Хотод BGY” хэмээн дүгнэхэд хүргэв. Учир нь өнгөрсөн ху­гацаанд НИТХ дахь МАН-ын бүлэг цаг үргэлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, олон асуудлаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг шүүм­жилж байсан удаатай.

Зөвхөн сүүлийн жишээ гэхэд Ахмадын орон сууцны журмыг НИТХ-аар батлахад МАН-ын бүлэг эсэргүүцэж, “Ахмадуудыг түр байрлуулах бус харин үе удамдаа дамжуулан үлдээх үнэт өв болсон орон сууцтай болгох нь чухал” гэдэг эсэргүүцлийг өрнүүлж байсан. Мөн Э.Бат-Үүл даргыг Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд хэтэрхий улстөржсөн өнцгөөс хандаж байгаа тухай шүүмжийг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан удаа дараа хэвлэлээр мэдэгдэж байв. Гэсэн ч тэрбээр өчигдрийн НИТХ-ын хуралдаан дээр тэр бүх үгийг хэлэх нь бүү хэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхгүй байх захиа даалгаврыг намаасаа сон­гогдсон НИТХ-ын гишүүдэд захьсан тухай яриа гарна билээ.

Ийнхүү НИТХ дахь сөрөг хүчин өөрсдийн үүргээ умартаж, Ардчилсан намд найр тавьж, Э.Бат-Үүл даргыг дуулгавартай дэмжих болсон үндэслэл нь 1-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх аж. Энэ эрхийг НИТХ-д сонгогдсон МАН-ын гишүүн бүхэн эдэлсэн бөгөөд тэд өөр, өөрийн тойрогтоо ийм хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх боломжийг 2014 оны нийслэлийн төсвөөс олж авсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй НИТХ-ын гишүүн бүрийн үйл ажиллагааны зардал энэ онд 40 сая төгрөг болсон бол ирэх онд 80 сая болж нэмэгдэж байгаа нь ч МАН-ын гишүүдийн зангаа хувиргаж, үндсэн чиг шугамаасаа хазайх хоёрдагч хүчин зүйл нь болсон аж. Гол нь энэ бүх мөнгөн дүнгийн нийлбэр ойролцоогоор 25 тэрбумд хүрч очих бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийг дуугүй болгох түлхүүр нь ийм өртөгтэй гэж болох юм.

Энэ бүх тохироог хийхийн тулд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Ардчилсан намын бүлэгтэй тохиролцох са­наачилгыг эхлүүлж, өөрсдийн үнийг тогтоосон гэх юм билээ. Эндээс харахад ирэх оны тухайд ингэж шийдэгдлээ гэхэд 2015 онд НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэр хэмжээний мөнгөөр Ардчилсан намын өмнө бууж өгч, амаа үдүүлэхийг тооцоолоход бэрх юм. Өөрөөр хэлбэл НИТХ сөрөг хүчингүй болохын тулд энэ удаад 25 тэрбумыг төлсөн бол дараа жил түүнийгээ хоёр, гурав нугалж ч мэдэх нь. Эндээс харахад эрх мэдлээ хуваалцах гэсэн улстөрчдийн хүсэл сонирхолд хязгаар байхгүй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн аманд унах Ардчилсан намын өглөгийг ч төсөөлөхөд бэрх аж. Энэ янзаараа Д.Амарбаясгалан тэргүүтэй НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирэх нэг жилдээ лав Э.Бат-Үүл хийгээд Ардчилсан намын эсрэг хатуу ширүүн уг унагаж, сөрөг хүчний байр суурь илэрхийлэх битгий хэл харцаараа ч загнаж төвдөхгүй байж мэдэх л юм. Улс төрийн тохироо гэдэг ийм үнэтэй ажээ.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж