
Монгол Улсад одоогоор 90 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд үүнээс 61 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн үүнээс 42 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлд багтдаг ажээ. Эндээс харахад компанийн бүртгэл байх ч бодит үйл ажиллагаа явуулдаггүй нь чамлахааргүй хэмжээг эзэлж буй, тэдгээр нь сар бүр бидний хэлдгээр “Х” тайлан гаргаж өгч байна. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид аж ахуйн нэгжийн тэн хагасыг бүрдүүлж байна. Жижиг үйлдвэрлэл гэдгээр олны дунд өндөрт өргөгддөггүй ч үйлдвэрлэлийг авч явж буй дүр зургийг харж болох нь. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд өрнүүлж буй хэдэн асуудлыг энд дурдъя.
ЖДҮ-ийг дэмжих зээлийг энд нэрлэж болох бөгөөд зээл дотроо хоёр төрөлтэй. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аймаг, дүүрэгт олгох хөнгөлөлттэй зээл болон Сум хөгжүүлэх сангийн зээл. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл нь 2009 оноос эхэлсэн бөгөөд жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай юм. Энэ жилийн хувьд уг зээлийг авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд сан дээрээ хүлээн авсан. Ингээд 166 иргэн, аж ахуйн нэгжид нийт 11 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Энэ нь өмнөх жилүүдэд олгож байсан зээлийн хэмжээнээс хамгийн их нь болж буй. Тус сан 60-70 аж ахуйн нэгж, иргэнд зээл гаргана гэж тооцоолж байсан ч аль болох их хүмүүсийг хамруулахыг зорьж ийнхүү сонгон шалгаруулалт хийжээ.
Хоёрдугаарт, Сум хөгжүүлэх санг Засгийн газраас байгуулж 2011 онд зээлийг ямар ч барьцаагүйгээр олгож эхэлсэн. Гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй юм. Энэ жилийн хувьд 24 тэрбум төгрөгийг уг зээлд төсөвлөсөн бөгөөд ихэнх хүмүүс 50-100 сая төгрөгийн зээл авсан тухай албаныхан хэлсэн. Нэг зээлийн энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд иргэд, аж ахуйн нэгж зээлийн үр ашгийг улам бүр мэдрэх болжээ.
Өөр нэг хөнгөлөлттэй зээлийн гарц бол гадны олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Японы “Жайка” олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийг нэрлэж болно. Өнөөдөр болсон уулзалтаар “Жайка”-гийн эрхмүүд их л өөдрөгөөр ярилцан байсан юм. Энэ зээлийг Монгол-Японы Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголд хоёр үе шаттайгаар олгоод дууслаа. Зээлийн эргэн төлөгдөх эцсийн хугацааг 40 жилээр тогтоосон. Хөнгөлөлттэй зээлийн төслийн хугацаа 2014 оны эцсээр дуусах байсан ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийг олгоод дуусчээ. Одоо байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн багахан санхүүжилт үлдсэн юм байна.
Төслийн эхний шат 2006-2009 онд хэрэгжиж 30 сая ам.долларын зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгосон байна. Дараагийн шат 2010 оноос эхэлж нийт 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож дуусчээ. Энэ хугацаанд нийт 400 гаруй компани уг зээлд хамрагдаж, санхүүжилт авсан бөгөөд зээл хүсэгчдийн ихэнх нь 3-5 ажилтантай жижиг, дунд үйлдвэрлэгчид байсан талаар өнөөдөр болсон хурлын үеэр “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобу хэлсэн юм. Үүнээс харахад цөөн ажиллагсадтай үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх их сонирхолтой байгаа бөгөөд ирээдүйд компани болох боломжтой үйлдвэрлэгчид ажээ. Зээлийн жилийн хүү 0.6 хувь, 3-10 жилийн хугацаатай нь зээл хүсэгчдэд олгож буй хамгийн том боломж. Зээл авсан нийт аж ахуйн нэгж байгууллагын одоогийн нөхцөл байдал, авсан санхүүжилтийг нь тооцож үзвэл цаашдаа 7000 ажлын байр бий болгох нөхцлийг бүрдүүлж буй ажээ. Жилийн 0.6 хувийн маш бага хүүтэй зээл цаашид хэрхэн үргэлжлэх бол гэж хүлээх хүн олон. Одоогийн байдлаар “Жайка” олон улсын байгууллага 2006 оноос өдийг хүртэл гаргасан хөнгөлөлттэй зээлийн үр дүнгээ хэлэлцэн, ирэх онд хэрэгжүүлэх үү гэдгээ хэлэлцэж буй ажээ.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нэг гарц, сэдэл бол хэрэгтэй тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Энэ дагуу үйлдвэрлэлийнх нь зориулалтын тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн бөгөөд энэ оны сүүлчээр тогтоолын хугацаа дуусна. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлахдаа Хөдөлмөрийн яам мэргэжлийн холбоод, салбарын яамд, төрийн бус байгууллагуудаас жагсаалтын саналыг авч, Гаалийн байгууллагатай хамтран тоног, төхөөрөмжийг кодолжээ. Ингээд код, нэр, ангилалд тохирсон төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа юм. 2012 онд 700 гаруй тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байсан. Энэ жил 1065 болж нэмэгдсэн бөгөөд тоног төхөөрөмжийг ийнхүү татвараас чөлөөлснөөр нийт 54 тэрбум төгрөгийн хөнгөлөлт болсон байна. Гэтэл Засгийн Газрын 1111 тусгай дугаарт гааль дээр тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхгүй, чирэгдэл их үзүүлж байна гэсэн гомдол иржээ. Энэ талаар Хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас тодруулахад “Гааль дээр тоног төхөөрөмжийн нэр, ангилал, код зөрсөн тохиолдолд татвараас чөлөөлөхгүй байгаа. Энэ тохиолдолд л татвараас чөлөөлөхгүй асуудал бий. Тиймээс ЖДҮ эрхлэгчид бичиг баримтаа сайн бүрдүүлсэн байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ямартай ч тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хугацаа энэ оноор дуусгуур болох гэж байна. Дараа онд татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэн Засгийн газраар батлуулсаны дараа тодорхой болох ажээ.
Сануулахад, ЖДҮ-лэгчид аливаа зээл авах гээд хөөцөлдөхөд нийтлэг нэгэн асуудал гардаг. Энэ нь ЖДҮ эрхэлдэг нь үнэн болохыг батлах гэрчилгээ юм. Уг гэрчилгээг иргэд дүүргийнхээ татварын хэлтсээс авах бол аж ахуйн нэгж байгууллагууд Улсын бүртгэлийн газраас авсан тусгай зөвшөөрлийнхөө ард тамга даруулсан байх ёстой байдаг ажээ. Ийм тохиолдолд ЖДҮ эрхлэгч мөн гэдгийг нотолж, аливаа хөнгөлөлтөд хамрагдахад дөхөм болдог юм. Тиймээс та жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг бол гэрчилгээгээ цаг алдалгүй авсан байх хэрэгтэй болох нь.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг ирэх онд хэрхэн дэмжих талаар дүр зургийг одоохондоо албаныхан хэлэхэд бэрх байна гэв. Санхүүжилтийн хувьд ирэх онд ЖДҮ-д зориулсан төсөв урьд жилүүдийнхээс бага байгаа бөгөөд хэд гэдэг нь тодорхойгүй байна. Бодлогын хувьд, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газраас “ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Үүнд салбарын хэмжээнд бүх асуудлыг тусгасан тухай мэргэжилтэн нь хэлсэн бөгөөд Засгийн газраар батлуулсаны дараа нийтэд мэдээллэх юм гэсэн. Ингэхдээ он дуусахаас өмнө хөтөлбөрийг эцсийн байдлаар боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр зорьж буй ажээ.
Түүнчлэн зээл аваад, үйл ажиллагаагаа чадан ядан явуулж байгаа ч цаашдаа ирээдүйтэй аж ахуй нэгжүүдийг тогтвортой ажиллуулахын тулд татварын хувьд харж үзэх гарц буйг сөхөж ярьсан ч сүүлийн үед нам жим боллоо. Уг нь цөөн ажиллагсадтай, эргэлтийн хөрөнгө тааруу жижиг компанийн хувьд зээл, хөрөнгө оруулалт, аливаа дэмжлэгийг том компаниудад олгодогтой ижлээр тооцох нь оновчгүй. Тиймээс ашгийн чадамжаар нь ангилж, жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуй нэгжүүдийн орлогын татварын 90 хувийг буцаан олгохыг ярьж байсан ч асуудал мөн ирэх оноос хүлээлттэй боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, чиглэл хэрхэн эргэх бол?