
Английн хөлбөмбөгийн холбооны 2, 3, 4-рт эрэмбэлэгддэг “Football League”-ын нэр бүхий зургаан хүн тоглолт наймаалцсан хэрэгт холбогджээ. Үүний гурав нь тус лигт тоглодог тамирчид аж. Үүнийг Их Британийн үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх хорооныхон илрүүлсэн байна. Одоогоор тодорхой мэдээлэл дэлгэх боломжгүй байгаа бөгөөд хэргийг мөрдөх ажил ид өрнөж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр үүнээс гадна өөр олон хүн, багийн эзэд ч оролцсон байж болох аж. “Үүнийг ямар нэгэн хувийн өш хонзонгоор биш мэргэжлийн өндөр төвшинд шалгаж, холбогдох хүмүүсийг илрүүлэх ёстой. Бид иймэрхүү юм гарсан бол мэдэх ёстой. Хэрвээ гарч байгаа бол үүнийг илрүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ тоглогчид болоод үзэгчидэд нөлөөлж болохгүй. Ямар нэгэн баг хожигдлоо гэхэд тэр наймаалцсан гэж хэлэх зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэж Football League-ын ерөнхий захирал Шон Харви ярьжээ. Их Британийн томоохон хэвлэлүүдийн нэг Daily Telegraph сонинд мэдээлснээс үзвэл нэг тоглолт наймаалцах дундаж үнэ 50 мянган фунт байдаг аж. Харин тоглолтын чанар болоод шигшээ болон хагас шигшээ тоглолт байвал үнэ цэнэ нь 150 мянган фунт болтлоо өсдөг байна.
Хэрвээ ямар нэгэн байдлаар шар юм уу улаан карт гаргахаар бол шүүгчтэй таван мянган фунтээр тохиролцдог ажээ. Их Британийн цагдаагийн газар болоод мөрдөх товчооныхонтой ямар нэгэн харилцаа үүсгээд байдаггүй энэ лигт сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж байсан тохиолдол үгүй билээ.
Б.СҮХ