
Хөгжмийн зохиолчийн олноо алдаршсан “Трубадур”, “Травиата”, “Риголетто”-гоос нь ч чансаагаар илүү гэдэг уг бүтээлийг орос найруулагч А.П.Чепурной тавьж байгаа аж. ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач тэрбээр симфони найрал хөгжим удирдан тоглуулахын зэрэгцээ дуурь найруулдаг маэстро. Манай тайзны тухайд тэрбээр анх удаа шинэ бүтээл тавьж буй.
Ж.Верди өөд болохынхоо өмнө “Отелло” дууриа бичсэн бол түүний өмнөхөн “Аида”-гаа дуусгасан юм байна. Тэгэхээр үүнийг дуурийн мастерийн арвин их туршлагын үр дүнд бий болсон оргил бүтээл нь гэж болох аж.
Дуурийн цомнол тун сонирхолтой. Үйл явдал Египет, Эфиопын хоорондох дайны үеийг харуулдаг. Египетийн дайчдын ахлагч Радамес, түүний хайртай бүсгүй, Эфиопийн хаан Амонасрогийн охин бөгөөд Египетийн хааны охин Амнерисийн боолчлолд буй Аида болон, Радамест дурласан Амнерис нарын хоорондох хайр дурлалын ээдрээ, эх орноо гэсэн халуун сэтгэлийн тухай хөгжмийн хэл, дууны урлагийн гайхамшгаар харуулдаг.
Энэхүү дуурийн дэлхийн хэмжээний нээлт 1871 онд Ж.Боттезинийн удирдлагаар Каирт, 1872 онд Ф.Фаччогийн удирдсанаар Миланы Ла Скала театрт, 1875 онд Петрбургийн Марийнскийн театрт тус тус болжээ.