Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд өнөөдөр хэвлийн бага хурал хийж, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдаж байгаа Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг эсэргүүцэж байгаагаа дуулгав. Тус сумынхан энэ шалтгаанаа “Онгон байдлаа хадгалж үлдэхийн төлөө” хэмээн тайлбарлаж байгаа юм. Тус сумын хойд хэсгээр энэхүү төмөр зам дайран өнгөрч байгаа бөгөөд малчдын ихэнх нь тэнд нутагладаг юм байна. Тиймээс нутгийн иргэд төмөр зам тавих шийдвэрийг дахин хэлэлцэж, зөв байршил сонгохыг шаардаж байгаа аж. Төмөр зам дайран өнгөрөх газар мал бэлчээрээс гадна цагаан зээр сүрэглэн амьдардаг гол нутаг гэнэ. Мөн нутгийн малчид Зам, тээврийн яамны сайд А.Гансүхийг газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцан, уулзалт хийхийг хүсч байгаа ажээ. Нутгийн удирдлага шинээр тавигдах төмөр замыг Цогтцэций сумын хойд хэсгээр биш урд хэсгээрээ тавьсан нь дээр гэж үзэж байгаа юм байна.
Н.ГЭГ