Нефть импортлогчид үнээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчид үнээ нэмлээ

ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ.

Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг тул монголчуудад энэ шийдвэр сөргөөр нөлөөлж, бензиний  үнэ нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байлаа.

Гэхдээ Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү нар “ОХУ-ын Эрчим хүчний яам тус улсын Засгийн газрын шийдвэр болох газрын тосны бүтээгдэхүүний экспортыг зогсоох нь Монгол Улсад хамаарахгүй гэж албан ёсоор мэдээлсэн. Тиймээс манай улс өмнөхийн адил тус улсаас шатахууны хэрэгцээгээ хангах боломжтой” хэмээн мэдэгдэж байсан ч Монголын нефть импортлогч компаниуд өчигдөр оройн 22.30 цагийн үед бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмээд байна.

Үүнтэй холбоотой манай сурвалжлах хэсгийнхэн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Петровис”  шатахуун түгээн станцын 3-р  салбар, “Жаст- Ойл”  шатахуун түгээх станцын 10-р салбарыг зорьлоо.

11.00 цаг:  Баянзүрх дүүрэгт байрлах  “Петровис” ШТС-ын  гаднах талбайд шатахуун авахаар дугаарлаж буй автомашины жолооч нар биднийг их л бухимдуу угтсан бол зарим  нь түлшний  үнэ нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байлаа. Тус ЦТС АИ-80 бензинийг 1220, АИ-92 бензинийг 1380, Дизел түлшийг 1470, АИ-95 бензинийг 1450 төгрөгөөр тус тус   түгээж байлаа. Энэхүү нэмэгдсэн үнээр "Петровис"-ын бүх салбар шатахуун түгээж байгааг тус газрын шатахуун түгээгч хэлэв. Өөрөөр хэлбэл, өчигдөр оройн 22.30 цагаас эхлэн “Петровис”-ын бүх салбарууд 80 төгрөгийн нэмүү үнээр борлуулалт хийж эхэлсэн байна.

Баянзүрх дүүрэгт байрлах  “Петровис” ШТС-аас шатахуун худалдан авахаар дугаарлаж буй автомашины жолооч нартай уулзлаа.

Б.Энхбат / Баян-Зүрх дүүргийн иргэн/

Бүх бүтээгдэхүүний үнэ хөдөлнө

-Шатахууны үнэ нэмэгдсэнийг дөнгөж сая л мэдлээ. Нефтийн үнийн өсөлт инфляцийн өсөлт үүсгэхээс гадна бүх бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулахад нөлөөлөх байх. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоох нь манай улсад хамаарахгүй гэж Засгийн газраас мэдээлсэн шүү дээ. Гэтэл яагаад нефть импортлогч компаниуд үнэ нэмж байгааг ойлгохгүй байна. Одоо үнэ нэмэгдсэн сургаар  бүх зах, дэлгүүр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх нь тодорхой.

П.Ганхүү/ Хэнтий аймгийн иргэн/

Орон нутагт шатахууны үнэ огцом нэмэгдэнэ

-ОХУ-ын дотоодын зах зээлд үүссэн нөхцөл байдалтай холбоотой манай улсын нефть импортлогч компаниуд түлшний үнийг нэмчихлээ. Аргагүй шүү дээ. Монгол Улс, ОХУ-аас 100 хувь шатахуун авч байгаа болохоор хараат байхаас яах билээ. Ингэж үнэ нэмэгдсэнээс гарах сөрөг үр дагавар нь тодорхой. Одоо захын нэг гутлын наймаачин бараанынхаа үнийг нэмчихсэн л сууж байгаа. Энэ төр засгийн толгой нь эргэсэн хэдэн нөхдүүд шатахууны үнийг 1000 төгрөгөөс давуулахгүй барьж болдоггүй юм байх даа. Саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний яамны  холбогдох албаныхан “ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоох нь Монгол Улсад хамаарахгүй” гэсэн мэдээлэл өгч байсан. Гэтэл үнэ нэмэгдчихлээ. Холбогдох газрууд үүн дээр тайлбар хэлэх үүрэгтэй гэж бодож байна.

А.Сарантуул /Чингэлтэй дүүргийн иргэн/

Импортлогч компаниуд эрх ашгаа бодож байна

-Би таксины үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг хүн. Гэтэл шатахууны үнэ  нэмэгдчихээр би хэдэн хүүхдээ яаж тэтгэж, тэжээх болж байна. Бүр үх гэсэнтэй ялгаагүй хандаж байгаа юм биш үү, энэ төр засаг. Газрын тосны импортлогч  компани хэдхэн байгаа нь цаанаа бөөн ашиг сонирхол. Тэгэхээр ганцхан оросоос ч биш урд хөршөөс шатахуун импортлох хэрэгтэй. Ирэх долоо хоногоос хүнсний өргөн хэрэглээний үнэ нэмэгдэх нь тодорхой.

  • Хэдийгээр холбогдох албанынхан шатахууны үнэ өсөхгүй гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байсан ч бодит байдал өөр тийшээ хазайсанд иргэд нэлээд бухимдуу байна. Монголын томоохон импортлогч компаниудын нэг  болох “Петровис” компанийн холбогдох албаны хүмүүстэй бид холбогдсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.  Тиймээс бид 12.40 цагийн үед  Баян-Зүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх станцыг зорилоо. Тус газрын түгээгч Ө.Энхбаатараас дараах мэдээллийг авав.

-Танайх  хэзээнээс шатахууныхаа үнийг нэмсэн бэ?

-Ер нь нийслэлд шатахуун түгээж буй бүх компаниуд өчигдөр 22.30 цагаас эхлэн шатахууны үнийг нэмсэн байгаа. Манай “Жаст Ойл” компанийн хувьд салбар станцууд өнөөдөр 09.00 цагаас эхлэн нэмэгдсэн үнээр шатахуун түгээж байна.

-Үнэ нэмэх болсон үндэслэлийг та юу гэж тайлбарлах вэ. Уг нь бол төрийн байгууллагуудын зүгээс ОХУ-ын нефтийн экспортын хязгаарлалт монголд хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн байгаа шүү дээ?

-Чухам ямар үндслэлээр шатахууны үнэ нэмэгдэх болсон талаар удирдах хүмүүс л тайлбар өгөх байх. Гэхдээ өнөөдөр амралтын өдөр болохоор холбогдох хүмүүс бараг байхгүй болов уу.

  • Ямартай ч өчигдөр оройноос эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд “Петровис”, “Жаст Ойл”, “Сод-Монгол” зэрэг нефть импортлогч томоохон компиниуд АИ-80 бензинийг 1220, АИ-92 бензинийг 1380, Дизел түлшийг 1470, АИ-95 бензинийг 1450 төгрөгөөр түгээж байна.
  • "Өнөөдөр амралтын өдөр тул" гэсэн шалтгаанаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж дээрх  компаниудын зүгээс мэдээлэл өгөхөө түр хойшлуулаад байгаа бололтой байна.
Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж