Зарим заалт Үндсэн хуулийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Зарим заалт Үндсэн хуулийг зөрчжээ

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр болж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэж заасны “давж заалдах гомдол гаргаж болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтын “Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэснийг зөрчсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх заалтын холбогдох хэсэг болон Үндсэн хуулийн Цэцийн энэ оны гуравдугаар дүгнэлтийг хүлээн зөвшөө­рөх боломжгүй” гэж УИХ-аас тогтоол гаргасан. Үүнийг Үндсэн хуулийн Цэц Их суудлын хурал­даа­наа­раа хүчингүй болгож, уг маргааныг эцэс­лэн шийдвэрлэлээ. Тодруулбал Үндсэн хуулийн Цэцийн тогтоолд “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй…” гэж хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, Үндсэн хуулийн заалтын агуулгыг улаашруулан шүүхийн шийдвэрт давж заалдах, гомдол гаргах хүний эрхийн суурь зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гэж тэмдэглэжээ.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж