
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болох Бразилийн Сан-Паоло хотын “Arena Corinthians” цэнгэлдэх дээр өчигдөр өдөр /ХI.27/ барилгын кран унасан осол гарчээ. Ослын улмаас хоёр хүн амь үрэгдсэн бөгөөд кран унахдаа цэнгэлдэхийн барилгын гадна талыг сүйтгэсэн байна. Барилгын ажил 94 хувьтай явагдаж байсан цэнгэлдэх дээр кран унасны улмаас дахин сэргээн засварлах хэрэгтэй болсон бөгөөд аврах албаныхан хэргийн газар ажиллажээ. Кран унасан осол барилгын ажилчид цайндаа орсон байх үеэр гарсан байна.
“Arena Corinthians” цэнгэлдэхийн барилгын ажлын зааварлагчаар хөлбөмбөгийн “Corinthians” хөлбөмбөгийн клубын экс захирал Андрес Санчес, гүйцэтгэгчээр “Odebrech” компани ажиллаж байгаа аж. Тус цэнгэлдэхэд 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын зургаан тоглолт болох бөгөөд бараг 50 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөгдөн баригдаж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА