С.Баярцогт оффшор данстай байхыг дэмжив үү?

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

С.Баярцогт оффшор данстай байхыг дэмжив үү?

УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор данс эзэмшихийг дэмжиж байна. Тэрбээр Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэдэг нь өнгөрсөн хавар илэрч шуугиан тарьсан. Түүнийг УИХ-ын гишүүнээс өөрийн сайн дураараа огцрох ёстой гэж үзсэн ч УИХ-ын Ёс зүйн дэд хороо шаардлагагүй гээд өнгөрсөн юм.

Эрхэм гишүүний хувьд оффшор данс эзэмшихийг хувьдаа дэмждэг нь батлагдлаа. Хоёр өдрийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авч чадалгүй унасан. Энэ хуульд оффшор данс эзэмшихийг хориглосон заалт  оруулсан нь хуулийн төсөл унах шалтгаан болсон юм. Тодруулбал, С.Баярцогт тэргүүтэй гишүүд оффшор гэдэг нь тодорхой бус байна гэх шалтгаанаар  дэмжээгүй.

Герман, Англи, Америк, ОХУ, Унгар, Польш зэрэг улсад оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд данс нээх, мөнгө байршуулахыг хуулиараа хориглодог аж. Манай улсын хувьд хуулиндаа ийм өөрчлөлт оруулахгүй бол хууль бусаар олсон орлогоо татвар төлөхгүйгээр нуун дарагдуулахыг дэмжсэн болох  юм.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж