Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Гавьяат хуульч, академич Жүгнээгийн Амарсанаа шинэ уран бүтээлээ дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ удаа тэрээр өөрийн мэргэшсэн Үндсэн хуулийн эрхзүйн бүтээлээ биш гэрэл зургаа олны хүртээл болгохоор шийджээ. Нэрт хуульч Ж.Амарсанаа найман настайгаас гэрэл зураг авч эхэлсэн гэнэ. Эх орныхоо өнцөг булан бүрт төдийгүй хилийн чанадад айлчилж, амарч, аялж явахдаа түүний нүдэнд өртсөн сонин содон бүхэн дуран авайд мөнхөрч үлдсэн байна.
Энэ удаа тэрээр бидний нүдэнд дасал болчихсон, тэр бүр шимтэн үзэж сонирхоод байдаггүй нийслэлийн үнэлж баршгүй өв соёл болох хөшөө дурсгал, уран баримлын гэрэл зургаа сонгожээ. Үүний өмнө Гавьяат хуульч маань Япон орны тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт маргааш /XI.29/ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Б.БАТ