Аж үйлдвэрийн цогцолборын айсуй сураг

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн цогцолборын айсуй сураг

Аливаа
улс, гүрний хөгжил нь хүнд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлж байгаагаар
илэрхийлэгддэг ажээ. Монгол Улс газар нутгийн ашигтай байрлалтай,
байгалийн баялагтай, иргэд нь өөдрөг үзэлтэйн хувьд түүхий эд нийлүүлэгч
орны статусаас гарч, боловсруулах, үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээгээ
хангах, экспортын ашиг хүртдэг орон болох он жилүүд биднийг тосч авч
буй. Шийдэж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангах болон гадаад зах зээлд
гэхэд худалдааны эрх нээлттэй байна. Монгол Улс Дэлхийн худалдааны
байгууллагад элсэх хүсэлтээ анх илэрхийлээд бусад орнуудтай харьцуулахад
маш богино хугацаанд буюу 1997 онд элссэн. Гэтэл ОХУ дөнгөж хоёр жилийн
өмнө ДХБ-д элссэн бол эдийн засгийн хөгжлөөрөө хэтдээ дэлхийн улс
орнуудыг тэргүүлнэ гээд байгаа БНХАУ 2001 онд элссэн байх жишээтэй.
Үүнээс харвал манай улсын дэлхийн зах зээлд гарах, түншлэх нөхцөл боломж
нь эрт бүрэлдсэн байж. Өөрсдийн гишүүнчлэлийн ашиг тусыг бодохоос илүү
манай хоёр том хөрш худалдааны байгууллагад элссэнээр хил залгаа орших
бидэнд ямар ашиг авчрах  билээ гэж сэтгэснээс бус  өөрсдийн нөөц
боломжийг судалж,  шийдмэг бодлого хэрэгжүүлээгүй өнөөг хүрсэн нь
харамсалтай. Одоо баялгаа баяжуулж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, түүнээсээ ашиг шимийг нь хүртэх урьд нь мөрөөдөл мэт байсан
хүнд үйлдвэрүүдээ одоо хаана, хэрхэн барих вэ гэдэг асуудлыг ярих болов.

Хөгжлийн үндэс хүнд үйлдвэрийг байгуулах тодорхой шийдэл
УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолд тусгаснаар Монгол Улсын Мянганы
хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос улбаатай
юм. Үүгээр Дорноговь аймгийн төв Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор
байгуулахаар болж, энэ жил хэд хэдэн шийд гарлаа. Хүнд үйлдвэр,
цогцолбор байгуулна гэдэг нь асар их хөрөнгө шаарддаг бөгөөд амжилттай
байгуулж чадвал үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнээс гадна ажлын байр
олноор бий болох, дэд бүтэц, харилцаа холбоо, нийгэмд оруулах хөрөнгө
оруулалт нь зарцуулсан хөрөнгөөсөө хавьгүй их юм. Сайншандад эхний
ээлжинд таван үйлдвэр байгуулах бөгөөд гангийн үйлдвэрийг  ирэх онд
барьж эхлэхээр төлөвлөжээ. Гэвч цогцолбор байгуулах ажил одоогийн
байдлаар эхлээгүй, судалгааны шатандаа байна. Тодруулбал, энэ оны
төгсгөлд  усны судалгаа дуусах бол инженер, геологийн судалгаа
хоёрдугаар сард дуусах талаар албаныхан дуулгалаа. Тэр үед хөрөнгө
оруулагч тодорхой болчихвол хэлцлүүдийг хийж, ерөнхийдөө 2014, 2015 оныг
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын жил болгох
ажээ.

Усны асуудлыг шийдэх боломжтой

Дорнын говь
угаас хуурай уур амьсгалтай, усан хангамж бусад бүс нутгийг бодвол хомс
учраас энэ хэсэгт хүнд үйлдвэр байгуулна гэдэг нь мөрөөдөл мэт байв.
Тиймээс хөрөнгө, хугацаа хий дэмий зарсан, цаг зуурын мөнгөний ажил болж
хувирах вий дээ гэж хүмүүс шүүмжилж байсан. Тэгвэл аж үйлдвэрийн
цогцолбор байгуулж, цаашдаа тасралтгүй ажиллагааг нь явуулахад
шаардлагатай усны нөөцийг тогтоосон байна. Гэвч энэ нь өнөөдөр гэнэт
тогтоогдсон нөөц биш гэнэ. Усны нөөцгүй гээд байгаа энэ хэсэгт жилдээ 15
сая шоо метр кв ус байгааг тэртээ 1980 онд тогтоож байжээ. Цогцолборын 
мастер төлөвлөгөөг АНУ-ын “Бехтел” компани гаргасан бөгөөд цогцолбор
байгуулахад нийт 11 сая шоо метр кв ус хэрэгтэй гэж тооцжээ. “Газар
аваагүй”, итгэмээргүй уг судалгаа энэ онд батлагдвал Сайншандад аж
үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт эхэлнэ. Ямартай ч цогцолбор
байгуулахад тулгарч байсан гол асуудлын нэг нь шийдэгдэх нь.

Оюутолгойгоос илүү ашигтай байх уу?

Эхний
ээлжинд гангийн үйлдвэрийг цогцолборт байгуулахаар тоочиглосон нь
гангийн үйлдвэрийг дагаад дэд үйлдвэрүүд хөгжиж, туслан гүйцэтгэгч
компаниудад боломж гарч ирэхтэй холбоотой. Одоогоор Монголын гангийн
хэрэгцээ жилдээ 500 мянган тонн бөгөөд үүний 20 хувийг дотоодоосоо
хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл 400 мянган тонн ганг 700 орчим сая
ам.доллараар гаднаас авч байна. Энэ хэрэглээг хамгийн түрүүн байгуулах
гангийн үйлдвэрээс нөхөх тооцоо гаргажээ.

Цогцолбор байгуулахад
эхний ээлжинд шаадлагатай хөрөнгө оруулалт нь таван тэрбум ам.доллар гэж
тооцоолж буй бөгөөд ирэх оноос үүнийг шийдэх юм байна. Оюутолгойгоос
бага хөрөнгө оруулалт шаардах эл цогцолборыг байгуулсны дараах ашиг шим
нь Оюутолгойгоос их байна гэдгийг албаныхан хэлж байна.  Аймаг, орон
нутагт нь том парк байгуулахыг дуулаад одооноос бүс нутгийн хүн амын тоо
нэмэгдсээр байгаа гэнэ. Цогцолборт нийт 10 мянган хүн ажиллах тооцоотой
бол ойр орчимд нь 100 мянган хүн шинээр нэмэгдэн суурьших төлөвтэй
байгаа ажээ. Хүнд үйлдвэрийг байгуулж, түүхий эдээ боловсруулах гол
зорилго бий ч цаашдаа энэ хэсэгт бүтээн байгуулалтыг дагуулж суурьшлын
бүс бий болгох юм байна. Мэдээж өчнөөн олон жил байгуулах гээд бүтээгүй
том бүтээн байгуулалтад эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай. Тиймээс
ирэх онд цогцолборын хууль эрх зүйн орчинг шийдэх бөгөөд тусгайлан хууль
гаргах уу, дагалдах журмаар байдлаар зохицуулах уу гэдгийг нягтлан
шийдэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж