Хууль хэлэлцэхийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хууль хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг буцаалаа. Хуулийн төслийг буцаах саналыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, С.Бямбацогт нарын гишүүд гаргасан юм. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Засгийн газраас оруулж ирсэн энэхүү хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа хуулиас дордсон байна. Хуучин хуулийг хэрэгжүүлэх тал дээр сайн ажиллаж чадаагүй болохоос гадаадаас ажиллах хүчин оруулж ирсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлнэ гэсэн заалттай. Энэ заалтыг мөрдүүлж, ажиллаагүй, Засгийн газраас тогтоол гаргаж, гадаадынханд найр тавьснаар 10-20 тэрбум төгрөг алдсан” гэв. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Таван жилийн өмнө би үүнтэй төстэй хуулийн төслийг УИХ-д оруулж байсан. Гэвч хаана яваа юм бүү мэд, алга болсон. Түүнд гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх тохиолдолд татварын хэмжээг өндөр тогтоохоор тусгасан. Ингэхгүйгээр Монгол Улсад орж ирэх Хятадын хар ажилчдын тоо буурахгүй, сөрөг үр дагаврууд ч тасрахгүй. Жуулчны визтэй орж ирчихээд, харлаад хоцордог, үүнийг дагаад залилангийн хэрэг гээд өдий төдий хууль зөрчсөн үйлдлүүд гардаг. Гэтэл одоогийн оруулж ирсэн энэ хуулийн төсөл зуучлагч нарын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй гадаадаас орж ирж байгаа ажилчдын эрх ашгийг хамгаалж байна  
Нөгөөтэйгүүр, монголчуудыгаа гадаад руу ажиллах хүчнээр гаргахыг тодорхой хэмжээгээр сааруулах бодлогыг давхар тусгах ёстой байсан, тийм заалт харагдахгүй байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлгээтэй болгож, гадаад руу явахыг нь аль болох хязгаарлах бодлогыг Засгийн газар барих ёстой. БНСУ-д монгол залуучууд боолын хөдөлмөр эрхэлж байна. Үүнийг Монголын төр бодлогоороо дэмжээд байх уу” гэх асуултыг саналтай зэрэгцүүлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад тавив. Сайд Т.Ганди “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс бодлогоор хятад ажилчдыг дэмжиж оруулж ирээд байгаа асуудал байхгүй. Уул уурхай, шилэн барилга, зам зэрэг ажлыг гүйцэтгэхэд манайд нарийн мэргэжлээр бэлтгэгдсэн мэргэжилтэй ажиллах хүчин байхгүй байгаа. Үүнээс болж, гадаадаас энэ чиглэлийн ажиллах хүчин авахаас аргагүйд хүрдэг.  Засгийн газрын төвшинд энэ чиглэлийн ажиллах хүчний зах зээлийг нөхөх зорилгоор дээр дурдсан нарийн мэргэжлээр залуучуудыг сургахаар төсөл хөтөлбөр боловсруулаад, дуусах шатандаа орж байгаа. Хэрвээ манай тал гадаадаас ажиллах хүчин авахгүй гэвэл сөрөг үр дагавар олон гарна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг хөрөнгө байхгүй болж, түүнийг дагаад ажилгүй залуусыг хэрхэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлэх вэ, ажил эрхлэгчдэд ямар эх үүсвэрээс зээл олгож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих вэ гээд бэрхшээл гарч ирнэ. Мөн Монгол Улсын ажлын байрны төлбөр хэт өндөр байгаа учраас түүнээс 100 хувь чөлөөлөгдөх сонирхол гадаадынханд их байдаг. Олон зүйлийг харгалзан үзэж, одоогийн энэхүү хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьсан” гэсэн тайлбар хийлээ. Эцэст нь олонх гишүүн уг хуулийн төслийг хойшлуулах санал гаргаж, улмаар ажлын хэсэг байгуулахаар болж, тогтлоо. Ингэхдээ дээрх хуулийн төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай зэрэгцүүлэн давхар хэлэлцэхээр болж, Засгийн газрыг ойрын хугацаанд уг хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхийг үүрэг болгов.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж