
Австралийн тагнуулын алба Индонезийн Ерөнхийлөгчийг тагнасан гэх мэдээллийн улмаас хоёр орны дипломат харилцаанд сэв суугаад байгаа билээ. АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудений эх сурвалжтай дээрх мэдээлэл цацагдах үед Австралийн Ерөнхий сайд Тони Абботт энэ хэрэгт харамсаж буйгаа илэрхийлсэн ч уучлалт гуйхгүй гэсэн хариулт өгч байсан. Тэгвэл Австралийн Ерөнхий сайд стратегийн чухал авч холбогдолтой Индонез улстай харилцаа холбоогүй сэргээх аргыг эрэлхийлж эхэлсэн байна. Австралийн Засгийн газар Индонезийн талтай аюулгүй байдлын асуудлаар дугуй ширээний уулзалт хийх санал тавьсан аж.
Австралийн хэвлэлүүдээр мэдээлснээр тус улсын тагнуулын алба Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно болон түүний эхнэр, Засгийн газрын топ улстөрчдийн гар утасны яриаг сэм чагнаж байсан гэнэ. Үүний хариуд Индонезийн албаныхан исламын хэт даврагчид, хүний наймааны сүлжээг таслан зогсоох зорилгоор Австралийн талтай хамтран явуулдаг цагдаа, цэргийн ажиллагаагаа тодорхой тайлбар өгөх хүртэл түр хориглох арга хэмжээ авсан юм.
Б.АНХТУЯА