Дугуй гурван жил болоход чийгшлээ алдаж, хатуурдаг

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Дугуй гурван жил болоход чийгшлээ алдаж, хатуурдаг

“Зууны мэдээ” сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвээр цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Олон улсад аюултай хог хаягдал хэмээн үзэж импортлохыг хориглосон байдаг ч манай улсад жилд л хэдэн зуун мянгаараа орж ирж буй хаягдал дугуйны асуудлыг энэ сэдвээрээ онцолж байгаа юм.

Дугуй бол байгальд шингэх хугацаа нь асар удаан аюултай хаягдал. Дээрээс нь энэ хаягдлыг дахин ашиглах технологи манайд цөөн тоогоор бий ч импортолж буй хэмжээтэй нь харьцуулахад дэндүү бага байгаа юм. Мөн хаягдал дугуйг шатаах, галд хийх зэргээр агаарын бохирдол үүсгэж, хорт бодис ялгаруулж байгаа нь бидний эрүүл мэндэд заналхийлж байна. Тиймээс бид чанартай дугуйг сонгож, хоёр дугуй хэрэглэх хугацаандаа нэг дугуй хэрэглэж, мянга мянгаараа хаягдаж байгаа хар резиний тоог бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. Ердөө л эдэлгээ уртасвал хаягдал багасах энгийн логик үйлчилнэ гэдгийг өмнөх нийтлэлүүддээ онцолсон билээ. Энэ удаагийн дугаарт дугуйны чанарын асуудлыг хөндөж байна. Тэр дундаа дугуйны чийгшил хэмээх асуудлыг онцоллоо.

ЯПОНЧУУД ЯАГААД ШИНЭХЭН ДУГУЙГАА СОЛИОД БАЙНА ВЭ?

Автомашины дугуй бол зам тээврийн аюулгүй байдалд хамгаас чухал хэрэгсэл юм. Өвлийн улирал эхлэхэд халтиргаа гулгаанаас болгоомжилж жолооч нар дугуйгаа сольдог. Тэгвэл бид хэрхэн сонголт хийдэг вэ. Манай улс Япон, Солонгосоос хуучин дугуйны 80 орчим хувийг импортолдог гэсэн мэдээ бий. Жолооч нарын сонголт ч санхүүгийн боломжоос шалтгаалаад хуучин дугуйн дээр буудаг. Ингэхдээ өөрсдийн машинд тохирох төрөл, хэмжээ бүхий дугуйг хээнийх нь байдал, эдэлгээний хувийг нь харж байгаад сонгочихдог гэж тэд ярьж байна. Мэдээж олон үйлдвэрийн, төрөл бүрийн хэмжээ, загвар, зориулалт бүхий дугуйнууд байдаг. Харин сонголт хийхдээ тухайн дугуйны чийгшлийн хэмжээг хэр мэддэг вэ. Дугуйны чийгшил хэмээх үзүүлэлт маш чухал болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Японд л гэхэд үйлдвэрлэгдээд гурван жил болсон дугуйг хэрэглэхийг хориглодог. Учир нь дугуй нь үйлдвэрээс гарснаас хойш 3-5 жил болоход чийгшлээ алдаж, хатуурдаг. Хатуурсан дугуй барьцалдах чадвараа алддаг ажээ. Өвлийн дугуй нь зөөлөн байх ёстой гэдгийн шалтгаан нь энэ. Резин нь тодорхой хэмжээний чийгтэй , уян хатан байснаараа үндсэн шинжээ хадгална гэсэн үг. Үйлдвэрлэгдсэнээс хойш ашиглагдаагүй байсан ч агуулахад хэдэн жил хэвтсэн л бол тэр дугуй хатуурсан байдаг гэнэ.

2002-2007 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДУГУЙГ ИМПОРТОЛЖ БАЙНА

Манай улс энэ оны эхний арван сарын байдлаар нийт таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолсон тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Хуучин дугуйны хувьд ихэвчлэн 2002-2007 онд үйлдвэрлэсэн дугуй оруулж ирдэг талаар дугуй импортлогч эх сурвалж хэллээ. 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн капитал дугуй орж ирдэггүй байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарснаасаа хойш 6-10 жил болсон дугуйг бид хэрэглэж байна гэсэн үг юм. Дугуйны чийгшлийн хэмжээг хянадаг байгууллага, багаж төхөөрөмж манай улсад байдаггүй гэнэ. Мэргэжлийн хяналтын газарт энэ чиглэлээр хяналт хийдэггүй, Гаалийн ерөнхий газар хилээр нэвтрэхэд нь шинэ, хуучнаар нь ангилж, хэмжээ загвар, тоог нь тогтоож үнэлээд татвар ногдуулдаг. Замын хөдөлгөөний дүрэмд ч дугуйны хээний гүнээр хөдөлгөөнд оруулах хязгаарыг тогтоосон байхаас чийгшлийн хэмжээг дурдсан зүйл байдаггүй байна. Иргэд ч дугуй худалдаж авахдаа илт цууралт үүсээгүй л бол хатуурсан байна уу, үгүй юу гэдгийг ялгахад бэрх гэдгийг хэлж байна. Гаднаас дугуй нийлүүлэхдээ он залууг нь арай өндөр үнээр үнэлдэг нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр дугуйны чийгшлийн хэмжээг тогтоож, хуучин дугуйны импортод хязгаарлалт тавих нь хаягдлыг багасгах нэг гарц яах аргагүй мөн болж байна. Иргэд ч автомашиндаа дугуй худалдаж авахдаа үйлдвэрлэсэн оныг анхаарч, болж өгвөл он залууг нь сонгох хэрэгтэй юм. Нийслэлийн түгжрэлтэй замд хатуурсан дугуй буудах нь бага ч орон нутгийн замд энэ нь жинхэнэ асуудал болдог. Дээрээс нь дугуй хагардаг нь ч чийгшилтэй холбоотой гэж мэргэжлийнхэн хэлж байна. Дугуй нь гадна, дотно гэсэн хоёр давхар резинээс бүтдэг, гадна резин нь хатуурсан байлаа ч доторх нь гайгүй бол давгүй гэж бас нэгэн эх сурвалж хэллээ. Гэсэн ч дугуйны чийгшлийг мэдэж, үйлдвэрлэсэн он сарыг анхаарч авдаг болвол өдөрт хэрэгцээгүй болж байгаа арван дугуйг найм болгож цөөлөх боломж бий гэсэн үг юм. Ашиглагдаагүй байсан ч агуулахад удсан дугуй хатуурдаг. Хээ нь шинэхэн, гүн мэт харагдавч үндсэн чанарт нь өөрчлөлт ордог тул япончууд ийнхүү хориглодог ажээ.

918 МЯНГАН ШИРХЭГ ХУУЧИН ДУГУЙ ИМПОРТОЛЖЭЭ

Гаалийн ерөнхий газраас шинэ, хуучин дугуйны импорттой холбоотой дараах мэдээллийг авлаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнгөрсөн сарын 30-ныг хүртэлх статистик ийм байна.

    Шинэ дугуй

Энэ онд гадны 30 улсаас 183759 ширхэг шинэ дугуй импортолжээ. Үүнээс хамгийн их буюу 92340 ширхэг дугуйг БНХАУ-аас авсан байна. Дараа нь 36357 ширхэгийг Япон улсаас импортолжээ. Гааль дээр үнэлсэн нийт үнийн дүн нь 70.9 сая ам.доллар бөгөөд улсын төсөвт 11.7 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна.

    Хуучин дугуй

Энэ онд гадны таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолжээ. Япон, Солонгос, АНУ, Орос, Хонгконг гэсэн таван улсаас хуучин дугуй авдаг бөгөөд нийт хуучин дугуйны 80 хувийг Солонгос, Японоос импортолдог. Хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар бөгөөд энэ онд импортолсон хуучин дугуйны нийт үнийн дүн 13.7 сая ам.доллар болж, үүнээс улсын төсөвт 2.1 сая ам.доллар төвлөрүүлжээ.

Дугуйны чийгшлийн хэмжээ хагарахад нөлөөлдөг

Энэ асуудлаар Баянбүрдийн тойрог орчмын зарим дугуй засварын газруудаас тодруулсан юм.

С.Буянтогтох: Манайд өдөрт 7-8 машин ирж  дугуйгаа янзлуулдаг. Ихэнх нь хуучин ду­гуй­тай байдаг. Ямар эвдрэл гэмтэл авснаасаа шалтгаалаад ганц хоёр нь л засвар авдаг.  За­рим­даа өөр дугуйгаар солино. Яаралтай нэгэнд нь манай засварын газраас хуучин дугуй тавьж өгч явуулдаг. Дугуйны чийгшил гэж мэдэхгүй. Нарийн мэргэжлийн хүмүүс нь мэддэг байх.

Г.Батмөнх: Манай засварын газарт өдөрт арав гаруй машин ирж дугуйгаа янзлуулдаг. Баян­бүрд хотын төвд ойрхон болохоор ер нь орлого сайтай. Зарим хүмүүс машинаа чирээд ч болтугай ирнэ. Харин дугуйны чийгшлийн талаар сонсоогүй юм байна. Эдэлгээ нь дууса­хаараа л дугуй муудаж хэрэглээнээс гардаг биз дээ. Чийгшил гэж сүүлд гарсан нэр юм бишүү.

Л.Оргил: Дугуйны чийгшил дугуй хагарахад нөлөөлдөг байж магадгүй. Гэхдээ хээ нь сайн байх юм бол  удаан элэгдэнэ. Манайд өдөрт арваад машин ирж дугуйгаа янзлуулдаг. Дугуй нь буудсан, хагараад удаан явснаас зажлагдсан бол засвар авахгүй. Үүнээс бусад тохиолдолд аргалаад янзалдаг.

Үйлдвэрлэсэн оныг нь судлах зав гардаггүй


Жолооч нар дугуй худалдаж авахдаа үйлдвэрлэсэн оныг нь асуудаг болов уу. Мөн хатуурсан, чийгшлээ алдсан эсэхийг хэр мэддэг талаар зарим жолоочоос асуулаа.

С.Батсүрэн:  Би ихэнхдээ хуучин дугуй авдаг. Хээ нь хэр зэрэг байна гэдгээсээ шалтгаалаад эдэлгээ нь удаан байдаг. Дугуйны чийгшил гэж мэдэхгүй. Ер нь он сар, хатуурал энэ тэрийг нь судалж явах цаг зав байдаггүй. Дугуй худалдаж байгаа хүмүүс энэ талаар мэдээлэл өгдөггүй.

Х.Батгэрэл: Хуучин дугуйны үйлдвэрлэсэн он сарыг нь хар­даг­гүй. Гадаад үзэмж, хээг  нь харж авдаг. Дугуйны чийгшил гэж сайн мэдэхгүй байна. Гэхдээ дугуй чинь дан, давхар гэж бай­даг. Гайгүй хуучин дугуйг гамтай хэрэглэвэл 2-3 жил болчихно.

А.Мөнхбат: Ихэнхдээ Өгөөмөр захаас дугуй авдаг. Он сарыг нь хааяа сонирхдог. Гэхдээ ач холбогдол өгдөггүй. Зав муутай байдаг учраас чийгшлийг нь сайн асуудаггүй. Ганц нэг хүнээс чийгшил гэж сонсож байсан. Яг юуг чийгшил гээд байгааг ойлгоогүй. Хөдөө гадаа явдаг хүмүүст л их хэрэгтэй зүйл юм биш үү.

Б.СОЛОНГО, С.УЯНГА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж