Мартин Лел Лондонгийн марафонд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Мартин Лел Лондонгийн марафонд оролцохгүй

Лондонгийн марафонд гурвантаа түрүүлж байсан Кенийн тамирчин Мартин Лел хоёр дахь жилдээ дараалан тус тэмцээнийг өнжихөөр болжээ. Лел өнгөрсөн жилийн Лондонгийн марафоныг гуяны гэмтлийн улмаас өнжсөн бөгөөд энэ сарын 25-нд эхлэх уралдаанд оролцон, дөрөв дэхээ түрүүлж, түүхэн амжилт тогтоох зорилготой байсан юм. Харамсалтай нь 31 настай Лел тэмцээний өмнөхөн баруун хөлөндөө гэмтэл авснаар марафон гүйлтийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ. Лондонгийн марафон уралдааныг зохион байгуулагч Дейв Бедфорд “Тэр бол дэлхийн шилдэг марафончдын нэг. Хоёр дахь жилдээ дараалан тэмцээнийг өнжих болсон нь харамсалтай. Мартин Лел ирэх жилийн тэмцээнд оролцоно гэж найдаж байна” гэжээ.
Кенийн шилдэг марафонч Мартин Лел 2005, 2007, 2008 оны Лондонгийн марафон, мөн 2003, 2007 оны Нью-Йоркийн марафонд түрүүлж байжээ. Тэрбээр 2008 оны уралдааны үеэр хоёр цаг, таван минут, 15 секундын амжилт гаргасан нь дэлхийн амжилтын түүхэнд дөрөвдүгээрт бичигдсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж