“Скайтел” компанийн Санхүүгийнд албанд Авлигатай тэмцэх газраас шалтгалт оруулсан гэх мэдээлэл байгаа. Гэвч тус газраас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
“Скайтел” компанийн холбогдох албаны хүний өгч буй мэдээллээр Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн шалтгалт хийгээгүй. Энэ мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл АТГ-аас “ZTE” компанид холбогдох хэргийг шалгах явцад хамтран ажилладаг компаниудыг нь шалгах шаардлага гарсан бололтой юм.
Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулах гэсэн боловч “Мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариултыг өгсөн. “Скайтел” компани нь Хятадын хөрөнгө оруулагч болох “ZTE” компанийг 2004 онд Монголд үйл ажиллагаа явуулсан цагаас өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа. Үүрэн холбооны бусад компани ч мөн адил гэнэ.
Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас Хятадын “ZTE” компанитай холбоотой бүхий л зүйлийг нэг нэггүй шалгаж эхлэхээр шийдсэн бололтой юм. Тус компанитай нэр холбогдсон компаниудыг ийнхүү шалгах болсон шалтгаан нь магадгүй тоног төхөөрөмжтэй холбоотой байж ч мэдэх гэнэ. Учир нь “ZTE” компанитай холбоотой хэргүүд өмнө нэг бус удаа гарч байсан. Гэхдээ Монголд бус, гадаадад. Тодруулбал хэд хэдэн улсад “ZTE” компанийн тоног төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар ашиглахыг хориглосон гэдгийг гадны хэвлэлээр онцолж байлаа. Мөн тус компани аливаа улс орны эх баригчдад удаа дараа авлига өгч байсан нь нотлогдсон гэдэг.
Монголын зах зээлд анх орж ирэхдээ 300 сая ам.долларын тендер авч байсан нь тухайн үед багагүй хэл ам дагуулсан түүхтэй. Энэ хэрэгт Боловсролын яамныхнаас гадна Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын хуучин дарга нар ч холбоотой гэдэг мэдээлэл тухайн үед шуугиан дэгдээж байлаа. Уг компанийн тоног төхөөрөмжийг манай бүх үүрэн операторууд болон интернэт үйлчилгээ явуулдаг компаниуд хэрэглэдэг бөгөөд энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулж байж болзошгүй гэх. Гэхдээ нийлүүлсэн тоног төхөөрөмжөөр нь дамжуулан мэдээллийн нууцад нэвтрэх ямар ч боломжгүй гэдгийг мэргэжлийнхэн дуулгасан. Тэгвэл яагаад “ZTE”-тэй нэр холбогдсон компаниудыг шалгах болов. Мэдээж нөгөө л татвараас зайлсхийсэн гэх үндэслэл. Ийм л учраас үүрэн холбооны оператор компаниудын санхүүгийн албанд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг нягтлахаар болсон биз.
Өмнө нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат уг компанитай холбоотойгоор Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийг хүүтэй нь, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч н.Бямбасүрэн нарыг өнгөрөгч хоёрдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Тэднийг “ZTE” компаниас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ч дуулгаж байлаа. Үүнтэй холбоотойгоор “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөний хэргийг шалгаж байгаа нь үнэн гэдгийг Э.Амарбат хэлж байсан. “ZTE” компанийн хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх хүмүүсийн, тодруулбал Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг, Ч.Гансүхийн аав н.Чимидийн төгрөгийн дансаар нэг тэрбум 200 гаруй сая төгрөг, ам.долларын дансаар нэг сая гаруй ам.доллартай болохыг тогтоосон байна. Мөн түүний өөр нэг хүү нь АНУ-д суралцаж байх үеэр түүний дансаар нэг сая гаруй ам.доллар эргэлдүүлж байсныг Авлигатай тэмцэх газрынхан тогтоосон. Өөрөөр хэлбэл “ZTE” компанийн удирдлагууд татвараас зайлсхийхээр Ч.Гансүхтэй хуйвалдсан гэх. Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр болон холбогдох албан тушаалтнууд ч “ZTE” компанийн хэрэгт холбогдсон. Ямартай ч “Үхтлээ үхэр буугаа тавихгүй” гэгчээр тус компанитай холбоотой асуудал улам хурцдаж, үүрэн холбооны оператор компаниуд руу орох магадлалтай болчихлоо.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин