АНУ Хятадын янзыг үзэв

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын янзыг үзэв

Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд Бээжингийн албаныхан агаарын хамгаалалтын таних бүс байгуулсан нь АНУ болон Японы дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл АНУ өчигдөр /ХI.26/ Хятадын тогтоосон агаарын хамгаалалтын таних бүс дээгүүр “B-52” хоёр бөмбөгдөгч онгоцыг нисгэсэн байна. АНУ-ын Пентагоны төлөөлөгч хурандаа Стив Уоррений мэдээлснээр бөмбөгдөгч онгоцнууд хэвийн горимоор Хятадын агаарын хамгаалалтын таних бүсэд нислэг үйлджээ. АНУ-ын зэвсэглээгүй бөмбөгдөгч онгонууд Гуамын арлаас хөөрч, Хятадын тэнгис дээгүүр нислэг үйлдсэн аж. Харин шинээр тогтоосон хамгаалалтын таних бүсэд нь хайхрамжгүйгээр нэвтэрсэн АНУ-ын бөмбөгдөгч онгоцнуудын эсрэг Хятадын албаныхан ямар нэг хариу арга хэмжээ аваагүй гэнэ. Түүнчлэн Хятадын талаас АНУ-ын үйлдэлд хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Хятадын дарга Си Жинпин газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд Хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүс байгуулсан бөгөөд үүнд Японтой газар нутгийн маргаан дэгдээгээд буй Сенкаку арлуудыг багтаасан аж. Хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүсэд нэвтэрсэн ямар ч онгоц, нисдэг тэрэг Бээжингийн албаныханд нислэгийн төлөвлөгөөгөө танилцуулах ёстой бөгөөд үүнийг биелүүлээгүй нөхцөлд хариу цэргийн арга хэмжэээ авах гэнэ.

Япон, АНУ-аас гадна Өмнөд Солонгосын зүгээс Бээжингийн албаныхны Хятадын тэнгист тогтоосон агаарын хамгаалалтын таних бүсийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй юм. Мөн Сингапур, Австралийн авиа компаниуд Хятадын тэнгист мөрдөгдөж эхэлсэн шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж