Зөвшөөрөлгүй барилга баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барилга баригдаж байна

Ногоон байгууламж барихаар төлөвлөсөн газар дээр зөвшөөрөлгүй барилга баригдаж байна

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, “Монголын үндэсний дээд сургууль” –ийн зүүн талд зөвшөөрөлгүй барилга барьж байгаа иргэдийн гомдол маргаан гарах болсон. “Монголын үндэсний дээд сургууль”өөрийн өмчлөлийн хоёр айлын газар дээр 144 айлын орон сууц бариулж эхэлжээ. Тэгэхдээ барилга барих зөвшөөрөл авах нь бүү хэл эргэн тойрныхоо айл өрхүүдтэй зөвшөлцөж нэгдсэн шийдвэрт хүрэлгүйгээр шууд барилгын ажилаа эхэлсэн бөгөөд одоо суурийн цутгалт нь бүрэн хийгдэж дуусчээ. Хоёр айлын газар бүхий 1000 гаруй мкв талбайд баригдаж буй тус барилгыг тойрсон 10 орчим айл байгаа бөгөөд хэрэв дээрх зөвшөөрөлгүй барилга ашиглалтад орвол тэдний газар ногоон байгууламж, авто зогсоолын талбай болж үнэгүйдэх эрсдэл иргэдийг бухимдуулах болжээ. Уг нь энэхүү барилга босч буй талбай нь НИТХ-ын 267 тоот тогтоолоор “Радио телевизийн хэрэг эрхлэх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтан ногоон байгууламж болохоор тусгагдсан юм байна. Гэтэл “Барилгын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.6 дугаар заалтуудыг тус тус зөрчин өнөөдрийг хүртэл барилгын ажилаа үргэлжлүүлсээр байна. Өөрөөр хэлбэл барилгын ажилыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй барилга барих албан ёсны зураг төсөл хийгдээгүй гэсэн үг аж. Дээрх зөрчлүүдийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилгын цахилгаан хангамжийг хязгаарлах шийдвэрийг 2013 оны 11-р сарын 8-ны өдөр гарчээ. Гэсэн ч одоо барилгын ажил явагдаж, хөрөнгө оруулалт нь хийгдсээр байгааг иргэд хэлж байна. Ер нь зуны дэлгэр цагт зөвшөөрөлгүй барилга барьж эхлээд өвөл барилгын ажил зогсох үед зөвшөөрлөө хөөцөлдөн цаг хожих гэсэн атгаг санаа барилгын захиалагчид болон гүйцэтгэгч компаниудад байдаг байна. Тэдний нэг жишээ нь ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн газарт зөвшөөрлгүй баригдаж буй тус барилга аж.

Дээрх барилгын талаар тус хорооны иргэн Н. Мягсаржаваас зарим зүйлийг тодруулсан юм.


– Зөвшөөрөлгүй барилгатай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

– Энэ барилгыг бариулж буй иргэн “Монголын үндэсний дээд сургууль”нь хоёр айлын газрыг өмчилсөн. Тиймээс энэхүү газар дээр орон сууц бариулхаар хүсч яваа хүн. Иргэн хүн өөрийн өмчөө хэрхэн яаж ашиглах нь түүний хэрэг боловч барилга барина гэдэг бол хэрээс хэтэрсэн хэрэг. Учир нь тэдний газар НИТХ-аас батлагдсан гэр хороололлыг дахин төлөвлөлтөөр ногоон байгууламж болно гэж тэмдэглэгдсэн газар юм. За түүнийг тоодоггүймаа гэхэд гэр хороололын хашаан дунд орон сууц баригдчихаар бидний газар үнэгүйдэж газраа чөлөөлж өгөхөөс өөр аргагүй болно. Гэтэл бидний газар ч гэсэн үнэ цэнтэй , үл хөдлөх хөрөнгө маань шүү дээ гэдгийг иргэн “Монголын үндэсний дээд сургууль”ухаарч ойлгохгүй зөрүүдэлсээр байна.

– Одоо тэгээд яах бодолтой байна?

– Түүний барилгын бизнес цэцэглэж бидний газар урамшуулалд нь явах магадлалтай болоод буй энэ үйлдлийг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч яаралтай арга хэмжээ авна байх гэж найдаж байна.  Уг нь 2 жилийн дараа энэ газар ногоон байгууламж болчихвол хотын энэ их утаа униарыг багасгахад ач тусаа өгөх л байх. Тэр хэрээр бидний амьдрах орчин сайжирна. НИТХ-ын 2006 оны 12-р сарын 06-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хот төлөвлөлтөнд иргэн “Монголын үндэсний дээд сургууль”өмчлөлийн 54а, 54б тоот хашаа бүхий газрыг ногоон байгууламж болгоно гэсэн шийдвэр одоо ч бидэнд баримттайгаа бий. Гэтэл иргэд бидний газар хууль зөрчин барьж буй энэхүү барилгын авто зогсоол, ногоон байгууламж болохыг хүсэхгүй байна. Тийм учраас бид цаашид тэмцэх болно. Ойр хавийнхаа айлуудтай зөвшилцөлгүйгээр дур мэдэн, хууль зөрчин барилгаа барьсаар л байна. Барьчихвал яаж ч чадахгүй гэж боддог юм уу, энэ эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс. Ийм тохиолдолд хотын дарга Э.Бат-Үүлийн гаргасан зөвшөөрөлгүй барилгыг нураах үйл ажиллагааг зогсоох тухай хууль тогтоол зөвшөөрөлгүй, зөвшилцөлгүй барилгад үйлчлэх юм болов уу? Үүнийг л уламжилж өгөөч гэв.

Тус хорооны иргэдийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг нь үнэгүйдүүлж буй дээрх барилгатай холбоотой асуудал иргэдийг  их бухимдуулж байгаа бөгөөд энэхүү барилгын ажлыг зогсоож өгөхгүй бол цаашид үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

– Ер нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж юу юм бэ ?

– Энэ нь ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ хуулийн 3.1.12.”хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг хэлнэ тэгвэл  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэд өөрсдөө л өөрчилөх боломжтой юм  яагаад гэвэл энэ нь хуулиндаа

24.1.5. холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;

12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх

16.2. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

16.6.Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Энэ нь нэг  талаасаа хэн нэгэн эрх мэдэлтэн монголын үндэсний дээд сургууль-д  давуу  байдлыг иргэд бид нараас илүүд  үзэж давуу байдал  өгөх юм бол энэ нь өөрөө авилгатай тэмцэх хуулийн  3.1.4т зааснаар авилга болох юм байна. Ер нь өнөөдөр шудрага ёс  ялах уу? авилга ялах уу ?

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж