-Ашигт малтмалын татвар бага байх тусмаа банкинд албан ёсоор тушаах нь ихэсдэг. Хуулийн гол үзэл баримтлал энэ байх гэж бодож байна. Том, жижиг компани, хувь хүмүүс бүгд Монголбанкинд алтаа тушаагаад хөнгөлөлт эдлэх нь байна. Урьд нь хувь хүн банкинд алтаа тушаахыг төдийлөн чухалд үздэггүй, том компаниуд, гадны ченжүүдэд худалдаад явуулчихдаг байснаас л алтны далд наймаа цэцэглэсэн шүү дээ. Бас нэг асуудал нь гадуур Алтны ил тод байдлын тухай хууль зөвхөн Оюутолгойг дэмжинэ, Канадынханд урамшуулал өгнө гээд яриад байгаа. Гэтэл тийм биш. Оюутолгой одоо зэс, алтны агууламжтай баяжмалаа гаргаж байгаа. Цэвэр алт гаргаагүй шүү дээ. Тийм байхад яаж цэвэр алт тушааж хөнгөлөлт эдэлнэ гэж? Тиймээс энэ хуулийг ойрын хугацаанд батлах нь зөв.
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийг зөвлөх, эдийн засагч Дэлгэрсайхан:
-Алт хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны олборлолт, худалдааг нэлээн сайн дэмжиж байсан. Гэтэл өнөөх гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авч эхэлснээр алтыг хууль бусаар далд худалдах нь ихэссэн. Ингээд бид алтаа хангалттай хэмжээгээр олборлож байгаа хэрнээ худалдаагаа хянаж чадахгүй байгаа юм. Ашиг олж, хангалттай нөөцөө бататгахын тулд компаниудыг хянах хэрэгтэй л дээ. Тиймээс энэ хуулийг баталж, зохицуулах нь зүйтэй. Харин хэрэгжүүлэх арга зам нь заавал урамшуулал, хөнгөлөлтөөр шийдэх байсан уу гэдгийг бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан.
Санхүүгийн зах зээлийн холбооны тэргүүн, эдийн засагч Ө.Ганзориг:
-Өнөөгийн байдлаар эдийн засагт доллар оруулж ирж байгаа дорвитойхон бүтээгдэхүүн гэж алга. Шавхагдах баялаг гээд уул уурхайн олборлолтыг зогсоож болохгүй. Хариуцлагатайгаар хөгжүүлж, тэр хооронд өөр үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ашиг олох хэрэгтэй байна. Нөгөө талаар Монгол орон байгалийн баялаг ихтэй хэрнээ дэлхийн зах зээлд эрэлттэй, өндрөөр үнэлэгдэж байгаа алтаа гаргаж чадахгүй байна. Гадныхан алтыг ихээр сонирхож байгаа учраас хөрөнгө оруулалтыг татаж, ашиг авчрах бүтээгдэхүүн гэвэл энэ байна. Олборлож чадвал маш багахаан алт ямар үнэ хүрдэг билээ. Бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад энэ хэрээр тээвэрлэлтийн зардлыг ч хэмнэдэг. Монголын алтны шороон ордын нөөц багасч байна. Үндсэн ордын нөөц багасах хандлагатай ч үндсэн ордыг одооноос зохион байгуулалттайгаар ашиглах хэрэгтэй. Алтны компаниуд дан ганц байгаль орчныг сүйдэлж байна гэж туйлшрахаа больж, бичил уурхайчдыг хариуцлагатай болгох хэрэгтэй. Нэр бүхий компаниудад алт олборлох зөвшөөрлийг нь өгөх нь байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлага тооцоход дөхөм болох юм. Гол нь алтны ил тод худалдааг дэмжихээр одоо батлах гэж буй хууль зөв гэж бодож байна.